Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн баг өнгөрсөн 4 дүгээр сарын 3-12-ны хооронд Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Лүн сумдад ажиллаж мэс засал хийлгэх шаардлагатай 30 орчим хүн оношлогдоод байсан юм. Тэгвэл уг хүмүүст газар дээр нь хагалгааг хийсэн байна.
Аймгийн Засаг даргын зүгээс иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор Лүн сумын харьяат Дэлхийн шилдэг 5 мэс засалчийн нэг, Улсын нэг дүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн эмчид хүсэлт хүргүүлсний дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төв, АШУҮИС-ийн дэргэдэх мэс заслын баг, Улсын нэг дүгээр төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын төлөөлөл хамтран Лүн суманд Нүүдлийн мэс заслын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү Нүүдлийн мэс засал нь манай улсад анх удаагаа хийгдэж байгаа бөгөөд Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн үзлэгээр оношлогдсон 5 хүнд дурангийн болон нээлттэй мэс засал амжилттай хийсэн байна. Нүүдлийн мэс заслын машин нь бүрэн тоноглогдсоны дээр нарийн мэргэжлийн чадварлаг эмч нараас бүрдсэн баг хамт олон ажиллаж байгаа учир хүнд мэс заслуудыг ч хийх боломжтой аж. Уг арга хэмжээ нь зөвхөн мэс засал хийх бус тухайн бүсийн сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан, чадваржуулах сургалтыг давхар зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Нүүдлийн мэс заслын баг хамт олон дараагийн ээлжид хойд бүсийн сумдыг хамруулан Жаргалант суманд ажиллах юм.
| Монголд анх удаа суманд нүүдлийн мэс засал амжилттай хийгдлээ | ||
| Үзсэн: 1411 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.