Шууд Chart

Сирийн асуудлаарх Астанагийн уулзалт даваа гарагт эхэлнэ

2018-05-12 18:10:00

Сирид олон мянган хүний цус урсгасан иргэний дайныг зогсоох улс төрийн шийдлийг эрэлхийлсэн энхийн яриа хэлцэл ирэх даваа гарагт Казакстаны нийслэл Астана хотноо эхлэх гэж байна. Казахстаны нийслэл Астана хот энэ 2018 он гарснаас хойш анх удаагаа Сирийн асуудлаарх яриа хэлэлцээг зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.

Энэ удаагийн уулзалт тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болох юм байна. Энэ тухай Казакстаны Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ. Тэдний мэдээлснээр энэ удаагийн уулзалтад батлан даагч Иран, ОХУ, Турк гурван улсаас гадна Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний бүлгүүдийн төлөөлөгчид, НҮБ-ын төлөөлөгчид болон АНУ, Йорданаас ажиглагч оролцуулахаар урьсан байна.

Ес дэх удаагийн энэ хэлэлцээгээр Сирийн дахин хурцдаж байгаа одоогийн нөхцөл байдал, түүний дотор бүс нутгийг хөгжүүлэх, хүмүүнлэгийн асуудлууд, цаашдын хэрэгжүүлэх алхмуудыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Арабын бүгд найрамдах улсын байдлыг зохицуулахад чиглэсэн олон улсын энэ уулзалт батлан даагч болох Орос, Иран, Турк улсын шинжээчдийн уулзалтаар эхлэх аж. Харин хоёр дахь өдөр нэгдсэн хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Долоо дахь жилдээ үргэлжилж байгаа иргэний дайн эхэлснээс хойш НҮБ-ын мэдэгдсэнээр 300 мянга гаруй хүн амь үрэгдэж, 11 сая хүн орон гэрээсээ дайжин дүрвээд байна.

Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан найм дахь удаагийн Астанагийн хэлэлцээгээр талууд Сирийн нутаг дэвсгэрт байгуулсан аюулгүйн дөрвөн бүсийн үйл ажиллагаа болон гал зогсоох дэглэмд хяналт тавих асуудлыг хэлэлцсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн асуудлаарх Астанагийн уулзалт даваа гарагт эхэлнэ   
Үзсэн: 1460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй