Шууд Chart

Парис хотод халдлага болж, нэг хүн амь үрэгдлээ

2018-05-13 13:02:21

Өчигдөр орой Парис хотын төв хэсэгт үл таних этгээд гартаа хутга барин “Аллах акбар” хэмээн хашхирч явган хүмүүс рүү дайрсны улмаас нэг хүн амь үрэгдэж, 4 хүн шархаджээ. Цагдаа нар халдагчийг устгасан ч хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Хууль сахиулагчид террорист халдлагын ул мөр илрүүлж, хэргийг прокурорын газрын терроризмтой тэмцэх хэсэгт шилжүүлжээ.

Хэрэг явдал орон нутгийн цагаар 21 цаг орчимд Францын нийслэлийн 2 дугаар дүүрэгт, Парисын дуурийн театраас холгүй болсон бөгөөд энэ хэсэгт олон тооны баар, ресторан байрладгаас болж хүн олноор цугладаг газрын нэг аж. Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж байгаагаар, гэмт этгээд хойд Африкаас гаралтай байж болох бөгөөд 20 орчим настай, халдлага үйлдэхдээ хар өнгийн хувцас өмссөн байжээ. Францын эрх баригчдын мэдээлж байгаагаар, халдлагын улмаас нэг хүн газар дээрээ нас барсан, 4 хүн шархадсан, хоёрынх нь биеийн байдал нэлээд хүнд, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Парис хотын прокурор Франсуа Моленс болсон хэргийн талаар мэдээлэхдээ цагдаа нар энэ хэрэгт террорист ул мөр илрүүлсэн тухай мэдэгдлээ. Мөн “Исламын улс” террорист бүлэг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээгээд байна. Францын эрх баригчид амь үрэгдсэн хүний болон хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хэргийн газар шуурхай хүрэлцэн ирж, гэмт этгээдийг аюулгүй болгосон цагдаа нарын үйл ажиллагааг тэмдэглэсэн байна. Франц улс даяар энэ халдлагатай холбогдуулан аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаад байна. Сүүлийн 3 жилд энд 230 гаруй хүн жихадистуудын халдлагын золиос болжээ. Эммануэль Макрон өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа терроризмтой хийх тэмцэл өөрийнх нь гадаад бодлогын эн тэргүүнд байна гэж амлаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парис хотод халдлага болж, нэг хүн амь үрэгдлээ  
Үзсэн: 1597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй