Умард Солонгос Пхунгери дэх цөмийн туршилтын талбайгаа хаахаар боллоо. Хаах үйл явц энэ сарын 23-наас 25-ны хооронд явагдах бөгөөд гурав хоногт багтаах юм байна. Хаах үйл явцыг сурвалжлуулахаар ОХУ, Хятад, АНУ, Их Британи болон Өмнөд Солонгос гэсэн 5 орны сэтгүүлчдийг урьжээ. Энэ үйл явц Умардын хувьд ийм чухал алхам болж байгааг ойлгохын тулд Пхунгери дэх цөмийн туршилтын талбайн талаарх мэдэж болох мэдээллийг цуглуулах хэрэг гарна.
Пхунгери бол Умард Солонгос дахь цөмийн зэвсэг турших цор ганц туршилтын талбай. Тус улсын зүүн хойд хэсэгт, Пэктусан хэмээх унтарсан галт уулын уулархаг бүсэд оршдог. Эндээс ОХУ-ын хил хүртэл 190 километр, Владивосток хот хүртэл 300 гаруйхан километр. Пхунгерийн гол онцлог гэвэл туршилтын талбай газар дор байрладаг. Умард Солонгос ил талбайд туршилт хийх боломжгүй, туршилтаас гарах цацраг идэвхт бодис хөрш орнуудад тарах аюултай учраас газар дор туршилт хийдэг. Ингэхийн тулд ууланд 200-800 метрийн гүн нүх өрөмдөнө. Дараа нь тухайн нүхэнд цөмийн цэнэгийг хийж, элс, гипс, чулуун нүүрсний давирхайгаар бөглөнө. Энэ нүхнээс арай дээр нь газрын чичирхийллийг хэмждэг багаж байрлуулна. Ингээд л тэсэлнэ. Туршилтын талбайг анх 2006 онд ашиглаж, хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сард ашигласан байдаг.

Умардын удирдагчийн хэлснээр тухайн үед тус улс ус төрөгчийн бөмбөг туршсан. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар талбайд хийсэн сүүлийн туршилтуудын улмаас уулын чулуулаг нурж, энд ухсан хонгилуудад 100-аад ажилчид даруулж амь үрэгдэж, мөн тооны аврагчид эрэн хайх ажлын үеэр бас л хонгилд нурангид даруулсан гэдэг ч Умард Солонгос албан ёсоор энэ баримтыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
| Умард Солонгос Пхунгери дэх цөмийн туршилтын талбайгаа хааж байна | ||
| Үзсэн: 2266 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.