БНАСАУ-ын эрх баригчид Пхунгери дэх цөмийн туршилтын талбайг энэ сарын 23-нд бүрэн хааж буулгах үйл явцыг олон нийтэд нээлттэй шууд дамжуулан үзүүлэх юм байна. Хаах үйл явц 23-ны өдөр эхэлж нийтдээ 3 хоног үргэлжилнэ. Цөмийн туршилтын талбайг хааж байгаа үйл явдлын мэдээллийг сурвалжлуулахаар ОХУ, Хятад, АНУ, Их британи болон Өмнөд Солонгос гэсэн 5 орны сэтгүүлчдийг урьжээ.
Тиймээс сурвалжлах багт зориулж хэвлэлийн төвийг байгуулсан байна. Энэ төвөөс сэтгүүлчид мэдээллийг авч олон улсад дамжуулах байдлаар ажиллана. Харин хааж байгаа үйл явцыг шууд дамжуулахгүй зөвхөн ажиллагааны дараах дүрс бичлэгийг ашиглуулах тухай журам гаргасан байна. Пхунгери дахь цөмийн туршилтын талбай бол Умард Солонгос дахь цөмийн зэвсэг турших цор ганц туршилтын талбай. Тус улсын зүүн хойд хэсэгт Пэктусан унтарсан галт уулын уулархаг бүсэд оршдог.
Эндээс Оросын хил хүртэл 190 километр, Владивосток хот хүртэл 300 гаруйхан километр. Пхунгери талбайн гол онцлог гэвэл туршилтын талбай газар дор байрладаг. Умард Солонгос ил талбайд туршилт хийх боломжгүй туршилтаас гарах цацраг идэвхт бодис хөрш орнуудад тарах аюултай иймээс газар дор туршилт хийдэг. Ингэхийн тулд ууланд 200-800 метрийн гүн нүх өрөмдөнө, тийш нь цөмийн цэнэгийг хийж, элс, гипс, чулуун нүүрсний давирхайгаар бөглөнө. Энэ нүхнээс арай дээр нь газрын чичирхийллийг хэмждэг багаж байрлуулна. Ингээд л тэсэлнэ. Туршилтын талбайг анх 2006 онд ашиглаж хамгийн сүүлд 2017 оны 9-р сард ашигласан байдаг. 2017 оны 9-р сард Умардын удирдагчийн хэлснээр тус улс ус төрөгчийн бөмбөг туршиж байсан юм. Олон улсад энэ үйл явдлыг Умард Солонгос улс дэлхий дахинд цөмийн зэвсгээс татгалзах үр дүнтэй алхмуудын нэг болж байна гэж харж байна.
АНУ-ын хувьд бол Пхеньян хэрвээ цөмийн зэвсгээс татгалзвал Умард Солонгосын эдийн засгийг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Харин цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар Умард Солонгосын талаас бодитоор харагдахуйц үр дүнтэй алхам хийх хүртэл хоригууд хэвээр үргэлжлэн гэдгийг ч АНУ-ын талаас илэрхийлсэн юм. Тийм ч учраас Умард Солонгосын энэ үйлдэл нь ч АНУ-д цөмийн зэвсгээсээ татгалзаж байгаагийн тод илрэл болж байгаагаа харуулах үйл явц гэж мөн ажиглагчид дүгнэж байна.
| Умард Солонгос Пхунгери дэх цөмийн туршилтын талбайгаа ирэх долоо хоногт хаана | ||
| Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.