АНУ, Хятад улсууд 2 улсын төдийгүй дэлхий нийтийн ашиг сонирхлын төлөө худалдааны дайн эхлүүлэхгүй байхаар тохиролцсон байна. энэ тухай Хятадын удирдагч Си Жиньпины тусгай элч төлөөлөгч, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжуулж байна.
Хятад Америкийн энэ удаагийн уулзалт хэлэлцээний хамгийн том үр дүн бол бид харилцан ойлголцож, худалдааны дайн эхлүүлэхгүй байхаар тохиролцсон явдал хэмээн Лю Хэ мэдэгдсэн байна. Мөн 2 тал харилцан импортын гаалийн татвар нэмэх арга хэмжээг авахаас татгалзсан нь үр дүнд тооцогдож байна. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчийн мэдэгдсэнээр Хятад Америкийн худалдаа эдийн засгийн харилцааг өв тэгш хөгжүүлэх нь дэлхий нийтийн түүхэн хөгжлийн чиг хандлагад нийцнэ гэж үзсэн байна. Энэ сарын 17-18 ны өдрүүдэд болсон Хятад Америкийн төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээгээр 2 орны худалдааны тэнцвэрт бус байдлыг арилгахад чиглэгдсэн арга хэмжээнүүд авах тухай онцлон хэлэлцсэн байна. Хятад улс Америкаас худалдан авдаг бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэхээ баталсан байна.
Мөн Хятадтай хийж байгаа худалдаанаас АНУ ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байгааг бууруулахад чиглэгдсэн багц санал тавьсан байна. Үүнд Америкийн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг хүчингүй болгох санал ч багтсан байгаа юм байна. Хятадын талаас Америкийн худалдааны алдагдлыг 200 тэрбум ам.доллараар бууруулах саналаа тавьсан тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан юм.
Энэ удаагийн Вашингтонд болсон 2 улсын төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээнд Америкийн талаас Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны сайд Уилбур Росс тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Хоёр тал өмнө нь Бээжинд эхний шатны уулзалтаа хийсэн юм.
| АНУ, ХЯТАД улсууд чөлөөт худалдаанд саад болох арга хэмжээнүүд авахгүй байхаар тохиролцлоо | ||
| Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.