Энэ сарын 12-нд Иракт парламентын сонгуулийн санал хураалт болсон. Иракийн засгийн газар өнгөрсөн оны 12-р сард Исламын улс бүлэглэлийг ялснаа зарласнаас хойших анхны парламентын сонгууль гэдэг утгаараа ач холбогдолтой сонгуульд тооцогдож байгаа юм. Одоо тус улсад ард түмний эв нэгдлийг сэргээх дайны хөлд нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээн босгох чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах тогтвортой засгийн газар бүрдэх эсэх дээр гол анхаарал төвлөрч байна.
Тус улсын сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн сонгуулийн санал хураалтад саналаа өгсөн 10,7 сая сонгогчийн саналыг тоолж дууссан байна. Энэ удаагийн сонгуульд парламентын 329 суудлын төлөө улс төрийн 29 нам эвслээс 7000 гаруй нэр дэвшигч дэвшин өрсөлдсөн байна. Ингээд сонгуулийн ерөнхий хорооноос энэ удаагийн парламентын сонгуульд Шийт шашны нөлөө бүхий зүтгэлтэн Муктада Садр тэргүүтэй Сайрун эвсэл ялалт байгуулж парламент дахь нийт суудлын 54-г авсан байна.
Энэ Сайрун хэмээх эвсэлд Иракийн коммунист нам болон бусад нам хөдөлгөөн эвсэн орж байгаа юм байна. Харин Тээврийн сайд асан Хади аль-Амири-гийн тэргүүлсэн “Фатх” эвсэл 47 суудал авч удаалсан байна. Ерөнхий сайд Хейдар аль-Абади-гийн Наср эвслээс нэр дэвшсэн дэвшигчид 42 суудал дэд Ерөнхийлөгч Нури Аль-Малики-гийн тэргүүлдэг “Эрх зүйт төр улс” нам 25 суудал авсан байна. Энэ удаагийн сонгуульд Муктада Сард-ын тэргүүлсэн эвсэл парламентад хэдий олон суудал авсан ч, парламентад олонх болж чадаагүй учраас ерөнхий сайд болох эсэх нь эргэлзээтэй. Одоо Сайрун эвсэл бусад нам эвсэлтэй тохиролцож эвслийн засгийн газар байгуулж, тэргүүнээ ерөнхий сайд болох замыг эрэлхийлэх болно гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
| Иракийн парламентын сонгуульд Сайрун эвсэл ялалт байгуулжээ | ||
| Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.