Шууд Chart

Ямар ч гадаргуу дээр өөрөө бие даан алхах чадвартай роботоо танилцуулжээ

2018-05-23 11:11:25

Норвегийн нийслэл Осло хотын “Ослогийн их сургууль”-ийн инженер, технологийн зохион бүтээгчид шинэ төрлийн роботын төхөөрөмж бүтээсэн байна. “Дирэт” нэртэй энэ 4 хөлт робот газрын гадаргуу ямар байхаас үл хамааран өөрөө бие даан алхаж, урдаа тулгарсан саадыг даван гарах чадвартай болжээ.

Роботын хөгжил дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй түвшинд хөгжсөөр байна. Энэ удаад дөнгөж загвар хувилбарынхаа туршилтыг олон нийтэд танилцуулсан мэдээллийг онцолж байна. “DyRET” нэртэй робот маш олон төрлийн мэдрэгч төхөөрөмжүүдээр хангагдсан. Тэдгээр төхөөрөмжүүд нь өмнөө байгаа зам бүхий саадыг харж мэдээллийг боловсруулан хэрхэн даван туулж гарах талаарх алгоритмын тооцооллыг гарган урагш болон хойш хийх хөдөлгөөнөө зохицуулдаг байна. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа учир холбогч утсаар удирдан хянаж байгаа. Газрын гадаргуу тэгш, тэгш бус, өөд уруу, хальтиргаатай гэх мэт ямар ч байхаас үл хамааран саадгүй явж чадна. Гэхдээ нэг сул тал нь ажиглагдаж байгаа бол бага зэрэг удаан, болхи хөдөлгөөн хийдэг. Мэдээж үүнийг сайжруулах тал дээр ажиллаж судалгаа явуулж байгаа. Роботын төхөөрөмжийн 4 хөл нь хол болон ойр зайд хөлөө зөөх, удаан болон хурдан хөдөлгөөнийг болгоомжтой хийх зэрэг программаар хангагдсан.  

Роботын хөгжүүлэгчид тус роботоо зам хэрхэн туулах тал дээр нь программчилж өгөхөөс илүүтэй өөрөөр нь зам туулах чадварыг сургаж авахаар зорьж байгаа юм байна. Жишээ нь бага зэргийн өндөр довцог өөд хэрхэн өгсөх тал дээр өөрөө бие даан хөдөлгөөн хийх үйлдлээ боловсруулж үүнийгээ өөртөө хадгалах гэх мэт бусад үйлдлүүдээ өөрөө өөртөө программчилна гэсэн үг. Ийм төрлийн роботын төхөөрөмжүүдтэй харьцуулахад гарааны технологи, шинэ арга барилаараа бусдаас онцгойрч байгааг Ослогийн их сургуулийн зохион бүтээгчид онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ямар ч гадаргуу дээр өөрөө бие даан алхах чадвартай роботоо танилцуулжээ  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй