Энэ сарын 24-ний өдөр ОХУ-ын Санкпетербург хотноо Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна. Хорин хоёр дахь энэ удаагийн энэ чуулга уулзалт 3 өдөр үргэлжлэх бөгөөд нийтдээ 100 гаруй орны төлөөлөгчид оролцоно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Мөн чуулга уулзалтад Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нар оролцох тухай Санктпетербургийн захирагч Георгий Полтавченко мэдэгдээд байна.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өргөн бүрэлдэхүүнтэйгээр Петербургийн чуулган оролцохоор хүрэлцэн ирж байгаа аж. Францын нийт 200 гаруй төлөөлөгч энэ чуулганд оролцох бөгөөд томоохон тэдгээрт 40 гаруй компанийн тэргүүн нар байгаа гэнэ. Мөн энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Цишань, Кубын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Кабрисас Руис, Төв Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Аршанж Таудер нар оролцоно.
Чуулга уулзалтын гол арга хэмжээ болох нэгдсэн хуралдаанд ОХУ, Франц, Японы төр засгийн тэргүүн нараас гадна Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард оролцоно. Харин энэ хуралдааны модератороор Блүүмбергийн ерөнхий редактор Жон Миклетвейтийг сонгосон байна. Энэ жилийн чуулга уулзалт "Итгэлцлийн эдийн засгийг бүтээе" гэсэн үндсэн сэдвийн дор зохион байгуулагдана. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд ОХУ Африк, Энэтхэг, АНУ, Финланд, Франц, Япон болон Италийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар дугуй ширээний ярилцлагууд болно. Мөн төсвийн болон татварын бодлого, алс Дорнод дахь хөрөнгө оруулалт зэрэг сэдвүүдийг хөндсөн салбар хуралдаанууд болно.
Нийтдээ бизнес уулзалтууд, салбар хуралдаан дугуй ширээний ярилцлага гээд 90 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 20 гаруй орны 40-өөд хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчид оролцох юм. Өнгөрсөн оны чуулга уулзалтаар 1,8 их наяд рублийн 475 хөрөнгө оруулалтын гэрээ, тунхаг бичиг, хэлэлцээрийг байгуулж байсныг энэ үеэр ОХУ-ын хэвлэлүүд сануулж байна.
| Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад 15 мянган төлөөлөгч оролцоно | ||
| Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.