Шууд Chart

Баян-Өлгий аймагт «Мөнгөн сүрэг – мөнгөтэй малчин» хөтөлбөр хэрэгжинэ

2018-05-24 08:50:24

Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн 11 сумд бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн нь тогтоогджээ. Өнгөрсөн оны сүүлээр тус аймийн малчид түүхэнд анх удаа 2,2 сая толгой мал тоолуулсан байна. Гэвч малын тоо толгой өссөн ч бэлчээрийн даац тэр хэмжээгээрээ багасаж байгаа тул цаашид уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар холбогдох байгууллагууд хамтран зөвлөлджээ.

Тус аймагт бэлчээр болон мал сүргийн зохистой менежмент хэрэгжүүлэх, байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхийг нэмэгдүүлэх ажилд төр захиргаа, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийнхний оролцоог хангах зорилгоор «Бэлчээр болон мал сүргийн менежментийн аймгийн зөвлөгөөн»-ийг Өлгий хотод зохион байгуллжээ.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 15 мянган өрх малаар амьдралаа залгуулж байна. Харин сүүлийн үед бэлчээр хүрэлсэхгүйгээс болж айл өрхүүдийн дунд газрын маргаан гарах, мал сүргийн чанар алдагдаж улмаар зуд зурханд өртөх зэрэг асуудлууд байнга гардаг болжээ. Тиймээс малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулан зохицуулах зайлшгүй шаардлагатайг зөвлөгөөнд оролцсон сумдын удирдлагууд онцолж байна.

Тус аймгийн хувьд 3,5 сая га бэлчээрийн нөөцтэй ажээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн энцвэрт байдал алдагдах, мал сүргийн бүтцийн алдагдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалан бэлчээрийн хэмжээ жилээс жилд багасаж байгааг албаны хүмүүс хэлж байна. 

Малчид малаа бэлчээрийн даацсаас хэтрүүлж байгаагийн гол шалтгаан бол зах зээлд борлуулж чадахгүй байгаатай холбоотой юм. Тиймээс дээрх зөвлөгөөнөөр Баян-Өлгий аймгийн бүх суманд «Мөнгөн сүрэг-мөнгөтэй малчин» хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн аймгийн малчдын байгууллагын дэргэд малын цахим худалдааны веб сайт ажиллуулж, малчдын гарт байгаа малыг хэрэглэгчдийн гарт шууд хүргэх тогтоолцоо бүрдүүлэхийг энэ жилийн гол зорилт болгон дэвшүүлжээ.

Баян-Өлгий аймгийн хувьд жил бүр 700-800 мянган толгой малыг борлуулах зайлшгүй шардлагатай ч 2002 оноос мал, амьтны гоц халдварт өвчин гардаг болсноос шалтгаалан зах зээл хумигдсан байна. Иймд өөрсдийн дотоод нөөц боломжиндоо тулгуурлан малаа борлуулах, мал сүргийн чанарыг сайжруулах, малаа «мөнгөн сүрэг» хэлбэрээр өсгөх замаар бэлчээрийн даацыг бууруулахыг тэрээр зорьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баян-Өлгий аймагт «Мөнгөн сүрэг – мөнгөтэй малчин» хөтөлбөр хэрэгжинэ  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй