Шууд Chart

АНУ: Сингапурт болох дээд уулзалтын бэлтгэлийг хангаж байна

2018-05-24 12:45:55

Умард  Солонгос эрс хатуу мэдэгдэл хийж  байгаа хэдий ч АНУ ирэх 6 дугаар сарын 12-нд товлосон АНУ, Умард  Солонгосын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангаж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин-тэй Вашингтон хотноо уулзах үеэрээ мэдэгдээд  байна. Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн хөтөлбөрөөсөө  татгалзахад бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч  Трамп  энэхүү уулзалтынхаа үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны аюулгүй байдлыг хангахад бэлэн байгаагаа  илэрхийлсэн байна. Харин сүүлийн үед  байр сууриа өөрчлөх болсныг нь БНХАУ-ын удирдагч Си Жиньпиньтэй хийсэн уулзалт хэлэлцээ нөлөөлсөн байх гэж харж байгаагаа Цагаан ордны  тэргүүн илэрхийлсэн юм. 

Түүнчлэн, АНУ-ын Ерөнхийлөгч  Трамп  БНХАУ-ын удирдагчийг "дэлхийн түвшний  покерийн  шилдэг тоглогч" гэж хүртэл нэрлэснийг хэвлэлүүд дамжуулж байна. АНУ  Сингапурт дээд уулзалт зохион  байгуулахын  тулд  хэд хэдэн нөхцлийг биелүүлнэ гэж тооцоолж байгаа юм байна.  Гэхдээ энэ дээд уулзалт цуцлагдах эрсдэл өндөр  байгааг ч хүлээн зөвшөөрсөн  байна. Мөн  ирэх 6 дугаар  сард болохгүй байлаа гэхэд хугацааг нь хойшлуулах боломжтойг хүлээн зөвшөөрсөн байна. Өчигдөр мөн  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Майк Помпео тус улсын талаас дээд уулзалтын  бэлтгэлийг хангаж  байгаа  гэдгийг баталлаа.  

Тэрээр  харин  дээд уулзалтын товыг   өөрчлөх асуудлыг  Вашингтонд  хэлэлцээгүй АНУ  товлосон хугацаандаа энэ уулзалтыг хийх  хатуу байр суурьтай  байгааг  онцолсон  байна. Үүний зэрэгцээ дээд уулзалтаас үр дүн гаргахын тулд  боломжтой бүх хүчээ дайчлах болно гэдгээ амласан.  Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга   Умард  Солонгост хандаж   хөрөнгө оруулалт  технологийн   дэмжлэг  тусламж  үзүүлэх  болно  хэмээн амлалаа.  Гэхдээ мэдээж   энэ  тусламж  дэмжлэгийг хүртэхийн тулд Умард Солонгосын  цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах ёстойг тэмдэглэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Сингапурт болох дээд уулзалтын бэлтгэлийг хангаж байна   
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй