Хэлж ирдэггүй хийсэж ирдэг нэгэн зүйл бол гамшиг осол байдаг. Тэр тусмаа гал түймэр бол хормоор хэмжигддэг гамшгийн хамгийн аюултай үзэгдэл төдийгүй хүний амьдралд асар том хохирол, хор уршиг авчирдаг.
Энэ сарын 14 нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байх нийтийн буюу дөрвөн айлын модон орон сууцанд гал түймэр гарнаас уг байранд амьдардаг дөрвөн өрхийн гишүүд өмссөн хувцастайгаа л үлдэж орох оронгүй болж хоцорсон юм.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэсэн сайхан үгийн дагуу дээрхи өрхүүдэд туслахаар Зүүнбүрэнчүүд хандивын аян өрнүүлж нэлээн дэмжлэг үзүүлжээ. Энэхүү гамшиг ослын талаар сонссон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат сэтгэлийн дэм өгөх дэмжлэг үзүүлэх үүднээс дээрх дөрвөн өрхөд өргөө цагаан гэрийг тусламж болгон илгээснийг УИХ-ын гишүүний зөвлөх Л.Баяртулга болон аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил дээрх дөрвөн өрхөд нэн тэргүүнд шаардлагатай байгаа хөнжил гудас, тогоо шанага, сав суулга зэрэг ахуйн хэрэглээний болон бусад эд зүйлсийг өгөхөөр болсныг мэдэгдэв.
Халуун сэтгэлийн тусламж дэмжлэг нь гал түймэрт өртсөн өрхийнхөнд итгэл найдвар урам зориг өгч байлаа.
Түймрийн улмаас дөрвөн өрхөд нэлээн хор хохирол учирсан ч азаар эрдэнэт хүний амь нас эрсдээгүй юм. Үүнд тус сумын иргэн Мөнхоргилын гаргасан итгэл зүтгэл эр зориг ихээхэн хувь нэмэр оруулжээ.
Сумынхаа ЕБС-д ажилладаг тэрбээр түймрийн үеэр гурван хүний амь насыг аварсан байна.
Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гамшиг осол хүн төрөлхтөний бүхий л үеийн түүхэнд байсан. Одоо ч мөн байсаар л байна. Аливаа гамшигт үзэгдлийг болсон хойно нь бус болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх нь нэн чухал.
Иймээс гал түймрийн аюулд өртөхгүйн тулд хамгийн гол нь гэр, байгууллагынхаа галын аюулгүй байдлыг хангах, ялангуяа цахилгааны богино холболт үүсэх, хэт ачаалал өгөхгүй байхад анхаарч, үнс, нурам, лаа, чүдэнзээ гүйцэд унтраах хэрэгтэйг албаны хүмүүс анхааруулж байна.
| Гал түймэрт өртсөн дөрвөн өрхөд туслалцаа үзүүллээ | ||
| Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.