Өнөөдөр аймгийн 10 байгууллагын төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Энэхүү тангараг өргөх ёслол нь Орхон аймаг шилдэг аймгаар шалгарсан энэ үед тохиож байгаа нь онцлог байлаа.
Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн албан хаагчид тангараг өргөж эхэлсэн. Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг бол Төрийн албан хаагчийн тангаргийг тодорхой хугацаанд, төрийн албаны ажил үүргийг сайн биелүүлэн гүйцэтгэсэн алба хаагчид өргөдөг байна. Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн 10 байгууллагын 20 албан хаагч, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн ,төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Энэ ёслол нь Орхон аймаг 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үнэлгээгээр улсдаа тэргүүлж шилдгээр шалгарсан энэ баярт үйл явдалтай давхацсан нь онцлог байсан юм
Тангараг өргөж буй төрийн жинхэнэ албан хаагчийн дунд хэлтэс албадын гурван дарга байв. Тодруулбал БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар, мөн бусад залуу төрийн албан хаагч байлаа. Тэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, улс эх орныхоо хөгжил дэвшилд чин сэтгэлээ зориулахаа амлаж, төрийн сүлд далбаандаа хүндэтгэл үзүүллээ.
Ийнхүү аймгийн 20албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаагаа илэрхийлээд зогсохгүй, шилдэг аймгийн шилдэг төрийн албан хаагчид байх урам зоригийг авсан юм.
Сурвалжлагч: А.Саранчимэг
| Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо | ||
| Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.