Дэлхийн нийтийн хүсэн хүлээж байсан гайхамшиг болсонгүй. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон хоёр талын уулзалтыг цуцлах шийдвэр гаргаснаа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын-д дуулгалаа. Пхеньян БНАСАУ-ыг Ливийн хувь тавилан хүлээж байж болзошгүй гэх АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн мэдэгдлийг эрс шүүмжлээд удаагүй байтал Трамп ийм шийдвэр гаргалаа.
АНУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ын-д илгээсэн захидалдаа: “таны саяхан хийсэн мэдэгдэлд уур хилэн, өс хонзон, дайсагнасан үзэл илт байна, үүнтэй холбогдуулан надад бид энэ цаг мөчид уулзах шаардлага байхгүй гэсэн бодол төрлөө, иймээс би энэ захидлаар Сингапурт товлосон уулзалт болохгүй гэдгийг танд дуулгаж байна” гэдгийг өгүүлсэн. Ингэхийн хажуугаар Дональд Трамп хэтийн төлөвтөө хэзээ нэгэн цагт яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр энэ талаар бичихдээ: “би тантай хэзээ нэгэн цагт уулзана гэдгийг тэсэн ядан хүлээнэ, дэлхийн хамтын нийгэмлэг, тэр дотор Умард Солонгос Солонгосын хойгт бат бэх энх тайван тогтоох маш сайхан боломжийг алдлаа” гэжээ. Хэдийгээр Пхеньян Пхунгери дэх цөмийн туршилтын цорын ганц талбайгаа хааж, яриа хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байгаагаа илтгэн харуулсан ч Америкийн ерөнхийлөгч Пхеньян цөмийн туршилтын талбайгаа хаасан тэр өдөр түүхэн гэж хэлж болох дээд хэмжээний уулзалтаас татгалзлаа.
Трамп бий болсон нөхцөл байдлын хариуцлагыг БНАСАУ-д тохохыг оролдож, Пхеньян дайсагнасан, сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн гэлээ. Ер нь бол аль 4-р сарын сүүлээр дээд хэмжээний уулзалт хийх асуудал дээр аадар борооны хар үүл өтгөрч ирсэн. Анх ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон Вашингтон Ливийн загварыг толгойдоо байлгаж, энэ хувилбараар Пхеньянтай хамтын ажиллагааг өрнүүлэх бодолтой байгааг мэдэгдсэн. Мэдээж хэрэг БНАСАУ-ын эрх баригчид үүнд сэтгэл түгшихгүй байж чадаагүй, Болтон мэдэгдэл хийсний дараа Пхеньян: хэрвээ Вашингтон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг асуудлыг ганцхан Умард Солонгост тулгаад байх юм бол дээд хэмжээний уулзалтад оролцох эсэхээ эргэн харах эрхтэй гэдгээ мэдэгдсэн. 5-р сарын дундуур Трамп АНУ хэдэн жилийн өмнө Ливид Муаммар Каддафийн дэглэмийг түлхэн унагасантай адил зүйлийг огт төлөвлөөгүй гэдгийг тайлбарлахад хүрсэн.
Гэлээ ч гэсэн ерөнхийлөгчийн хүрээнийхнээс “ливийн загвар” гэдэг үг хэллэг нэг бус удаа давтагдсан. 5-р сарын 22-ны өдөр АНУ-ын дэд-ерөнхийлөгч Майкл Пенс телевизийн “Фокс ньюс” сувагт өгсөн ярилцлагадаа: хэрвээ Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол БНАСАУ-д Ливид болсонтой ижил, Муаммар Каддафийн дэглэм унахад хүргэсэн үйл явдал давтагдана гэж мэдэгдсэн. Америкийн албаны хүмүүсийн энэ болчимгүй мэдэгдэл АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг цуцлахад хүргэсэн гол шалтаг шалтгаан гэж болох талтай, гэхдээ уулзалт боллоо гэж бодоход Трамп үүнээс ялагч болж гарч ирж чадах уу? гэсэн асуулт одоо тавигдаж байна.
БНАСАУ цөмийн зэвсгээсээ татгалзлаа гэхэд үүнийг америкчуудын ялалт гэж дүгнэж болохгүй. Вашингтон буулт хийхэд бэлэн бус байна, Өмнөд Солонгосоос цэргээ гаргахад бэлэн бус байна, дээрээс нь цөмийн зэвсгээсээ татгалзахад Америкийн цэрэг Умард Солонгосын дэглэмд нөлөөлөхгүй гэдгийг Пхеньянд итгүүлэх маш хүнд. Иймээс бий болсон байдалд Трампад: цагаан ордон яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсан ч Пхеньян үүнийг хүсээгүй гэх хувилбар илүү их ашигтай тусч байна.
| Трамп яагаад Кимтэй хийх уулзалтаа цуцлав | ||
| Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.