АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Цагаан ордны зууван танхимдаа Венесуэлийн шоронгоос суллагдсан Америкийн иргэн Жошуа Холтыг хүлээн авч уулзсан байна. Жошуа Холт өөрийн гэргий болох Венесуэлийн иргэн Тамарагийн хамтаар Цагаан ордонд ирсэн байлаа. Ерөнхийлөгч Трамп түүнийг амаргүй хүнд сорилыг даван туулж Цагаан ордонд ийнхүү ирснийг үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ үеэр Холт түүнийг Венесуэлийн шоронгоос суллахын төлөө хүчин чармайлт гаргасан бүх хүмүүст талархаж байгаагаа энэ үеэр дахин илэрхийлсэн байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс твиттер дэх хуудсаараа дамжуулан Холт гэр бүлдээ эргэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Венесуэлд ардчилал тогтоох хүртэл АНУ хориг арга хэмжээгээ цуцлахгүйг мэдэгдсэн байна.
Мормон шашинт Холт 2016 оны 6 дугаар сард Венесуэлийн иргэн Тамара Белен гэгч бүсгүйтэй гэрлэсэн юм байна. Залуу хосууд Тамарад АНУ-ын виз хүсэн хариуг нь хүлээж байх хугацаандаа Венесуэлийн нийслэл Каракас хотод амьдарч байсан аж. Гэвч 6 дугаар сарын сүүлчээр Холтын гэрт цагдаа нар ирж түүнийг баривчилсан байна.
Тухайн үед Венесуэлын дотоод хэргийн сайд Густаво Гонсалес Лопес Холтын гэрээс автомат АК-47, буу, гар хийцийн бөмбөг зэрэг буу зэвсэг, Каракас хотын газрын зургийг илрүүлэн хурааснаа мэдэгдэж байсан. Мөн Холтыг Венесуэлийн засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулах зорилготой гэмт бүлэглэлийнхэнтэй хамтран ажиллаж байсан хэмээн сэжиглэж байгааг мэдэгдсэн юм. Харин АНУ-ын холбогдох албаныхан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой яриа хэлэлцээ хийсний үр дүнд түүнийг суллаж, эхнэрийнх нь хамтаар АНУ-т авчирсан байна.


| Венесуэлын шоронгоос суллагдсан Жошуа Холтыг АНУ-ын ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.