Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа хоёр орон энэ цаг үед л энхийн гэрээ байгуулах асуудлаа шийднэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, "Хоёр орны ашиг сонирхолд нийцэх, хоёр ард түмэн хүлээн авахуйц шийдлийг тэвчээртэйгээр эрж хайх хэрэгтэй" гэж үзэж байгаагаа тэмдэглэн хэлсэн байна.
Тэрээр, ОХУ, Япон улсууд Курилийн арлуудад хамтран аж ахуй эрхлэх тохиролцоо амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлжээ. Курилийн арлуудад 2 тал хүлэмжийн аж ахуй, хэсэгчилсэн аялал, салхины эрчим хүч, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ хамтарсан төслүүдээ улам өргөжүүлэхээр хоёр тал тохиролцсоныг мэдээлсэн байна.
Мөн тус төсөлд оролцох өндөр магадлалтай бизнесийнхнийг тус арлууд руу илгээхээр тохиролцсон байна. Япон улс энхийн гэрээ байгуулах асуудлыг газар нутгийн маргаантай асуудалтайгаа холбон шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд Курилийн арлуудаа буцааж авч чадвал ОХУ-тай энхийн гэрээ байгуулахад бэлэн гэдгээ ч илэрхийлдэг. Харин ОХУ Өмнөд Курилийн арлууд нь Дэлхийн 2 дугаар дайны үр дүнд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж ирсэн. Энэ газар нутаг Оросынх гэдгийг олон улсын эрх зүйн баримтуудаар баталгаажуулсан учир эргэлзэх хэрэггүй гэсэн байр суурьтай байдаг юм.
| Японы Ерөнхий сайд энхийн гэрээ байгуулахыг уриаллаа | ||
| Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.