Өмнөд болон Умард Солонгос 2008 оноос хойш ажиллахаа больсон хоёр орны тэнгисийн цэргийн хүчин хоорондох шууд холбооны шугамыг дахин нээлээ. “Ренхап” агентлаг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас иш татаж энэ тухай мэдээлэв.
Эндээс ирж байгаа мэдээгээр, энэ арга хэмжээ бүс нутагт хурцадмал байдлыг намжаах, орон хооронд ямар нэг мөргөлдөөн зөрчилдөөн гарахаас, тэр дотор Шар тэнгист мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхэд тус нэмэр болно гэж үзэж байна.
Өчигдөр өглөө энэ шугамыг шалгаж туршилтын холболт хийжээ. “Ренхап” агентлагийн мэдээлж байгаагаар, хоёр орон хооронд анх энэ шууд холбоог 2004 онд тавьсан ч сүүлийн дөрвөн жил огт ашиглаагүй юм байна. 2018 он гарсаар БНАСАУ болон БНСУ-ын харилцаа дулаарч эхэлсэн.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн хилийн Панмунжом сууринд хоёр орны удирдагчид сүүлийн 10 жилд анхных болох уулзалт хийсэн. Энэ уулзалтын дүнд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлт, эв нэгдэлд чиглэсэн Панмунжомын хамтарсан тунхагт гарын үсэг зурсан юм.
Сая буюу өнгөрсөн сарын 25-нд хоёр орны цэргийнхэн хил дээр зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс хоёр орны зэвсэгт хүчин хоорондын шууд холбооны шугамыг сэргээхээр тохирсон юм.
| Сөүл болон Пхеньян 2 орны тэнгисийн цэргийн хүчин хооронд шууд холбооны шугамыг дахин нээлээ | ||
| Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.