Шууд Chart

Д.Нямаа: “Улирал ба зохиолч” сэтгүүлийн бичвэр бүр уншигчдын хорхойг "асаана"

2019-09-06 16:13:57

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Д.Нямаатай ярилцлаа. Бидний уулзах болсны шалтгаан дээрх сэтгүүлийн намрын дугаар дөнгөж сая хэвлэгдээд байгаатай нь холбоотой юм.  

-Уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба зохиолч” сэтгүүлийн намрын дугаар уншигч, захиалагчиддаа хүрчээ. Сэтгүүл өмнөх дугааруудынхаа нэгэн адил уран зохиолын бүх төрөл жанраар хуудсаа чимсэн байгаа юу?

-Тийм шүү, 23 дахь туужаа тавилаа даа. Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ч.Дагмидмаагийн “Хансуры горхины шивнээ” гэсэн шинэ тууж орлоо. Цаа маллагч нүүдэлчин отог омогийн түүх домгоос сэдэвлэсэн энэ тууж машид сонирхолтой. Тийм ч болоод “Аз хур” компаниас зарласан туужийн улсын уралдаанд гуравдугаар байр эзэлсэн байна. Бид сэтгүүлдээ улсын уралдаанд байр эзэлсэн туужуудаас цувралаар тавьж байгаа юм. Уншигчид минь ч үүнд талархалтай байгаа. Өгүүллэгийн тухайт нэрт зохиолч Ж.Лхагвын богино өгүүллэгүүд орсон. Мөн энэ дугаараас МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Г.Бямбажав, Ш.Сүхбаатар нарын шинэ, өвөрмөц содон, эрэлхийллийн шүлгүүдийг уншаарай. Гадаадын уран зохиол буланд Солонгосын орчин цагийн яруу найрагчдын нэрт төлөөлөгч болох Жон Хусин, Гуаг Хюухуань нарын шүлэг нийтлэгдлээ. Олон зохиолчийн ой энэ онд тохиож байна даа. 90, 100, 110 жилийн ой нь тохиож байгаа зохиолчдынхоо тухай эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг дугаар алгасахгүй тавьж байна. Энэ дугаарт төрийн шагналт яруу найрагч Цэвэгмидийн Гайтавын тухай “ХХ зуунаа төгс ухаарсан хосгүй найрагч Цэвэгмидийн Гайтав” гэсэн судалгааны өгүүллийг Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б. Мөнхбаяр бичиж ирүүлсэн юм. Ц.Гайтав найрагч маань одоогоос 70 жилийн тэртээ 1949 онд “Уудам Азийн цээжинд Ардчилалын од болон гялалзсан...” гэж эх орноо дуулж явсан байна шүү дээ. Дэлхий даяар Монгол Улсыг чинь Ази дахь ардчилалын гэрэлт бамбар гээд байгаа биз дээ.

-Сондор гэж сайхан булан бий... Тэр булангаас л Ш.Сүрэнжав гуайн “Би тэнгэрийн хүү”, Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн “Боржгоны бор тал”, зохиолч Т.Юмсүрэн гуайн “Буурал аав” Д.Цоодол найрагчийн “Дэр мод” зэрэг олон арван яруу найрагчийн нэрийн хуудас болсон шүлэг, дууг гар бичвэртэй уншиж явлаа. Энэ удаа хэний ямар зохиол гарав?

-Уншигчдын маань хамгийн дуртай булан л даа. Тэр тусмаа дунд сургуулийн уран зохиолын багш нар бол дурлан хүлээдэг. Хичээл заахдаа ашигладаг гэсэн. Би ч их баяртай байгаа. Ашиглаасай ч гэж боддог. Бас “захидал” булан ч тэдэнд хэрэг болдог гэж Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ахмад багш Адьяа бичсэн байсан. Угаасаа ч зохиолчийн гар бичвэр, захидал занаа гэдэг алтнаас ч үнэтэй судлагдахуун шүү дээ. Энэ удаагийн “Сондор” буланд соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ч.Дагвадоржийн “Ээж минь дээ” дуу тавигдсан. Тэмдэглэлийн дэвтэр дээрхи анхны ноорог болоод гар бичвэр нь ч бий. Үүх түүх нь ч бий. Дэлхийн тэрбум хүн сонссон Монгол дуу шүү дээ. “Захидал” буланд эдүгээ цагийн нэрт найрагч Сономын Чулуунаас нэрт орчуулагч Ж.Оюунцэцэгт 40 жилийн өмнө бичиж байсан захидал орсон. Цэрэг эр, шүлэгч охин хоёрын сэтгэлийн хөргийг тэр захидлуудаас харж болно.

-Зохиолчдод, тэр тусмаа залуу зохиолч, эхлэн бичигчдэд бүр ч тустай байж болох нобелийн шагналт зохиолчдын уран бүтээлээ туурвих арга барилтай нь танилцаж, урланд нь нэвтрэх сайхан боломж олгодог “Нобелийн шагналтан”, “Зохиолчдын гэр өргөө” булан бий. Энэ булан ер дугаар алгасахгүй гардаг шүү дээ ...

-Тийм ээ. “Нобелийн шагналтан” буланд 2009 оны утга зохиолын нобелийн шагналтан, Румын гаралтай Германы зохиолч Герта Мюллерын өөр өөр цаг үед ярьсан ярилцлагуудаас бүрдсэн сонирхолтой хөрөг ярилцлагыг МЗЭ-ийн гишүүн, орчуулагч И.Чулуунхүү сэтгүүлийн минь захиалгаар бэлтгэж өгсөн юм. Харин “Зохиолчдын гэр өргөө” буланд 1946 оны нобелийн шагналт Херман Хессегийн үзэсгэлэнт Монтаньолу хот дахь Каса камуцү гэр өргөө, тэр өргөөнөө туурвисан алдарт “ Сардхартха” роман болон бусад зохиолоо хэрхэн туурвисан тухай уран сайхны найруулал орсон. Бид ирэх оноос энэ булангуудаа сөөлжүүлэн тавих бодлогыг барина. Үндсэндээ “Нобелийн шагналтан” буландаа бид 23 дахь зохиолчоо тавиад байна шүү дээ.

-Өөр ч олон унших хүсэл бадраасан бичвэрүүд байгаа биз дээ ...

-Бий, бий. Зохиолч анд П.Баярсайханы тухай сайхан дурсамжийг яруу найрагч, нэг голын найз А.Мягмаржав нь бичсэн байна билээ. Абай Хунанбаевын “Казакын уг гарал үүсэл хаанаас гарсан тухай нэгээхэн үг” гэсэн сонирхолтой өгүүлэлийг Казакстаны нэрт яруу найрагч Х.Жукел эх бичвэрээс нь буулгаж ирүүлснийг орууллаа. Доктор М. Саруул-Эрдэнийн “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн зохиол” Д.Нацагдоржийн зохиол мөн болохыг тогтоох хэл найруулгын шинжилгээ” онол судлалын өгүүлэл унших хорхой "асаана". Энэ мэт аль бүхнийг дурдах вэ. Зохиолч Г.Аюурзанын хөтөлдөг “Уран зохиолын тухай яриа” буланд “Утгын үнэ цэн”-ийн тухай өгүүлнэ. Энэ дугаарын онцлох зохиолч, онцлох номын тухай. Харин онцлох зохиолчоор Ардын уран зохиолч Тангадын Галсан абугайг, онцлох номоор Ч.Мягмарсүрэн найрагчийн “Сумын зааны зуун шүлэг” түүврийг тодрууллаа.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Нямаа: “Улирал ба зохиолч” сэтгүүлийн бичвэр бүр уншигчдын хорхойг "асаана"   
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй