Ирак улсад өнгөрсөн дөрвөн өдрийн турш засгийн газрын эсрэг жагсаал өрнөж, жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр 60 хүн амиа алдаад байна. Жагсагчид авилгал болон ажилгүйдлийн түвшин хэт өндөр байгаад бухимдаж, эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлжээ.

Ирак дахь засгийн газрын эсрэг тэмцэл өнгөрсөн 24 цагийн дотор улам ширүүсээд байна. Залуучуудын ажилгүйдлийн түвшин хэт өндөр байгаа, нийгмийн халамж үйлчилгээ муу болон авилгал газар авсан зэрэг асуудлаас үүдэн иргэд өнгөрсөн мягмар гарагаас эхлэн гудамжинд цуглан жагсаалаа эхлүүлжээ. Иракийн ерөнхий сайд Адиль Махди засгийн газрын тэргүүнээр ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байгаа юм. Тэрээр засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойших хамгийн том сорилттой тулгараад байгааг олон улсын зарим хэвлэлд онцолжээ. Ерөнхий сайд Адиль Махди жагсагчдын шаардлагыг сонсож, хариу арга хэмжээ авна гэдгээ амласан ч Иракт тулгамдаж байгаа томоохон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхааруулжээ.

Иракт засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш 60 хүн амиа алдаад байгаагийн дотор цагдаагийн албан хаагч багтаж байгаа юм. Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр өнгөрсөн баасан гарагт л гэхэд 10 хүн амь насаараа хохирсон байна. Багдад хотын төв талбай болох Тахрирд эсэргүүцлийн хөдөлгөөн хамгийн хүчтэй өрнөж байгаа бол хотын бусад хэсэгт ч мөргөлдөөн үүсээд байгаа юм. Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Америкийн Нэгдсэн Улсын зүгээс Иракт өрнөж байгаа үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг Иракийн удирдлагуудаас хүсчээ.



| Иракт жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр 60 хүн амиа алдаад байна | ||
| Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.