Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Идэр, Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Б.Батзориг, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчдын хамт өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах COP17 төслийн талбай дээр ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үзлэг хийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах арга хэмжээг авч ажиллалаа.
Төслийн 29.6 га талбайд 17 компани барилга угсралт, засал, тохижилтын ажлыг гүйцэтгэж, 1000 шахам ажилтан бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 400 гаруй ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зөвлөгөөг авч, талбай дээр ажиллаж байсан бөгөөд бүтээн байгуулалтын ажил 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Чулуунчимэг, С.Отгончулуун нар дээрх ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журам, стандартыг мөрдөж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ажил гүйцэтгэгч компани нэг бүрийн ХАБ хариуцсан ажилтнуудад зөвлөгөө өгч ажиллав.
Ажлын хувцас, хамгаалах хэрэгслээ зориулалтын дагуу хэрэглэх, ажилтан бүрд аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдүүлэх, авто кран өргөх механизмтай холбоотой ажил үйлчилгээнд мэргэжлийн хүн ажиллуулах, төслийн талбай дээр удирдах албан тушаалтнууд болон инженер техникийн ажилтнууд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, хяналтаа сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ирэх өдрүүдэд үргэлжлүүлэн ажиллаж дүгнэлт зөвлөмжөө өгч, биелэлтэд хяналт тавина гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

| COP17 төслийн талбайд хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг хийж, зөвлөгөө өгөв | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.