Канадын парламентын сонгуульд Ерөнхий сайд Жастин Трюдогийн эрх баригч Либераль нам тэргүүлж байна. Үндэсний сонгуулийн комиссоос даваа гарагт гаргасан эхний мэдээлэлд энэ тухай дурдсан байна.
Одоогоор Атлантын Канадын хэсгүүдийн санал хураалт дуусч, сонгуулийн дүн мэдээг нэгтгэх ажил эхэлжээ. Либералууд одоогоор сонгуулийн 338 тойргийн 6-д нь ялалт байгуулжээ. Тэднийг сонгогчдын 52 хувь нь дэмжсэн байна. Харин хоёрдугаар байрт Консерватив нам 34.8 хувиар, гуравдугаар байрт Шинэ ардчилсан нам 10.2 хувиар, дөрөвдүгээр байрт “Ногоонтны нам” 3.3 хувиар бичигдсэн байна. Бусад намууд нэг хувийн санал ч авч чадаагүй байна.
Одоогийн байдлаар Канадын ихэнх хэсэгт санал хураалт дууссан. Хамгийн сүүлчийн санал авах байр Улаанбаатарын цагаар өглөөний 10:00 цагт хаагдсан байна. Сонгогчдын идэвх өндөр, ирц сайн байгаа талаар хэвлэлүүдэд мэдээллээ.
Канадад энэ сарын 21-нд 43 дахь удаагийн парламентын сонгууль эхэлсэн юм. Энэ улсын иргэд ойрын дөрвөн жил парламентын доод танхим буюу Нийтийн танхимд эрх ашгийг нь төлөөлж ажиллах улстөрчдөө сонгож байна.
Сонгуульд ялсан намын тэргүүн Канадын Ерөнхий сайдаар ажиллах юм. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар Засгийн газрын одоогийн тэргүүн Жастин Трюдо суудалдаа үлдэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Түүний хувьд 2015 оны сонгуулиар 184 суудал авснаар нэг намын олонх болж, Ерөнхий сайдаар ажиллах боломж бүрдсэн билээ.
| Канадын парламентын сонгуульд Ерөнхий сайд Жастин Трюдогийн нам тэргүүлж байна | ||
| Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.