Пүрэв гарагийн үд дундын байдлаар БНХАУ-ын 25 мужид корона вирусийн халдвар авсан нь тогтоогдсон 581 хүн байгаа талаар "Си Эн Эн" агентлаг мэдээллээ. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвийн мэдээлснээр:
- Халдвар авсан хүмүүстэй ойрхон байсан 5897 хүн
- Эрүүл мэндийн үзлэгт орж байгаа 4928 хүн
- Эрүүл мэндийн үзлэгт орсон 969 хүн
- Халдвартай байх магадлалтай 393 тохиолдол
- Халдварт өртсөн хүнд хэлбэрийн 95 тохиолдол байна. Хубэй мужид 17 хүн нас баржээ.
Хоёрдугаар сарын 22-ны лхагва гарагт л гэхэд 13 мужид 257 хүн халдвар авсан байх магадлалтай байжээ. Түүнчлэн өчигдөр Хубэй мужид нийт 8 хүн нас барсны 5 эрэгтэй, 3 эмэгтэй байсан аж. Мөн одоогийн байдлаар Макаод халдварын хоёр дахь тохиолдол илрээд байгаа юм байна.

БНХАУ-ын 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож улсад нэг, нэг хүн халдвартай болох нь тогтоогджээ. Үхань хотод онц байдал зарлаж байлдааны хамгаалалтын байдалд шилжсэн бөгөөд Үхань хотын бүх нийтийн тээвэр, автобус, метро, онгоцны буудал зэргийг бүтэн битүүмжилж иргэдийг гадагш, дотогшоо зорчихоос сэргийлж байна.
Эмч нар хүрэлцэхгүй болсон тул Хятадын өнцөг булан бүрээс маш олноор нь сайн дурын эмч нарыг татан төвлөрүүлж тусгай үзлэгийн бүсүүдийг байгуулж байна. Хятад даяар бие нь халуурч байгаа иргэн бүрийг нэгдсэн байдлаар карантинд оруулж шалгаж байна. Халдвар авсан иргэд баригдахаас сэргийлж гадагшаа буюу бусад муж улс орнуудад дүрвэж зугтааж байгаа тул халдвар маш хурдацтай тархаж цаг тутамд 20 хүнээр нэмэгдэж байна.
Мөн Хятадын Цагаан сартай холбогдуулан зохион байгуулах ёстой байсан томоохон нэвтрүүлэг тоглолтын арга хэмжээнүүдийг цуцалж эхэлсэн байна. БНХАУ-ын бүх муж нийтийн тээврээр зорчих иргэд маск зүүхийг сануулж, биеийн халууныг тогтмол шалгаж байна. Энэхүү халдвар нь манай хилд улам ойртож байгаа тул та бүхэн илүү сонор сэрэмжтэй байж БНХАУ-д зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдоод байгаа шинэ корона вирусийн халдварлалын эх үүсвэр одоо хүртэл олдоогүй байгаа юм. Одоогийн байдлаар халдварлах замд агаар дусал буюу амьсгалын замаар халдварладаг нь тогтоогдоод байгаа юм. Энэ вирус нь хувьсан өөрчлөгдөх магадлалатай бөгөөд тахал цаашид улам тэлэх аюултай байна.
БНХАУ-тай хиллэдэг боомт, Буянт-Ухаа дахь хилийн боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас өндөржүүлсэн хяналт тавьж, зорчигчдын биеийн халууныг хэмжин асуумж, тандалт хийн ажиллаж байна.

| Корона вирусээр 581 хүн халдварлаад байна | ||
| Үзсэн: 2523 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.