
Монголын утга зохиолын эрдэнэсийн авдрын “сахиул”, тэрхүү ёроолгүй авдарт өөрийн өвөрмөц зохиол бүтээл, дүрүүдээрээ жин нэмж буй “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, доктор, профессор Пүрэвхүүгийн Батхуягийн “Дун” богино өгүүллэгийг хүргэж байна.
"
. Чихээ наагаад сонсохоор дотор нь далай шуугиж байдаг юм. Далайн хүчирхэг шуугианыг сонсож өссөн болохоор түүний сүр хүчийг би мэдэрдэг" гэж хэлээд Номон жижигхэн уруулаа шөмбийлгөн цантсан цонхыг үлээв. Нэвсгэр их цасан тал харагдана."Дун цас шиг цагаан, тийм, ээ. Цаснаас ч цагаан. Үлээхээр дотроос нь Лусын эзний дуудлага сонсогдоно. Мөнгөлөг хайрстай хүчирхэг сэлүүрээрээ далайн усыг цалгиулахаар шуурга дэгддэг юм. Та төсөөлж байна уу? гэхэд нь одоо ч үлгэрт итгэдэг залуу сайхан охиныг шохоорхох сэтгэлд Өлзийд төржээ.
Замын буудалд аялагчид бууцгааж түр амрав. Өлзий охиныг ажигласаар байлаа. Үснийхээ үзүүрт зангидсан улаан цэцэгтэй зүүлтээ гараараа оролдоно. "Замд уйдаж явахаар харин ч цаг хороож, зам эвхсэн яриа хөөртэй хүнтэй зэрэгцэн суужээ " гэж бодоод нүдээ анив.
"Ингэхэд та ер нь дун үлээж үзсэн үү? Өлзий толгой сэгсрэв. Охины нүд гялалзаж "Ээ" хэмээн харамсангуй дуу алдснаа "Тэгвэл танд гол нууцаа дэлгэж болох юм байна. Миний дун дотор зөвхөн далай ч шуугьдаггүй юм. Ээжийн минь амьсгал шивнээ байгаа". Өлзий охины зүг сэжиглэнгүй харав. Усхал нүднийх нь харц мэлмэрч байлаа. Хөөрхөн уруулаараа үлээж цантсан цонхонд жижигхэн хараац гаргажээ. Нэвсгэр их цасан тал харагдана.
"Хэрэв таныг хүсвэл" гээд гар цүнхээ онгойлгож" би дунгаа дандаа биедээ авч явдаг юм. Ээжийн минь сүүлчийн бүлээн амьсгаа, шивнээ шингэсэн". Цэнхэр хадганд боодолтой дунгаа гаргаж ирээд харуулав. Өлзийгийн сэтгэлээс нэг зүйл зумраад унах шиг болов. Охин түүний баруун чихэнд дунгаа наав. Эхлээд сүр хүчит их усан шуугих сонсогджээ. Удалгүй "охиныг минь хайрлаж яваарай, охиныг минь хайрлаж яваарай" гэх эмэгтэй хүний зөөлхөн шивнээ түүнд сонсогджээ. Бүлээхэн амьсгал ч мэдрэгджээ. Түүнээс хойш хоёр оны салхи цас бороонд юу эсийг үзэв. Өлзий эхнэрээ дунтай нь хамт хайрлаж яваа.
“Дун” /богино өгүүллэг/ | ||
Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.