Шууд Chart

А. Оюундарь: Хавдартай хүмүүс их ядардаг тул мацаг барьж болохгүй

2026-04-30 12:35:12

Хавдар судлалын үндэсний төвийн хоол зүйч А. Оюундарьтай ярилцлаа.

-Эмнэлгийн хоол зүйчид үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө, зөвлөмжөө хэрхэн өгдөг бэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Эмнэлгийн хоол зүйч нар үйлчлүүлж байгаа иргэдэд цагаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Мөн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч зөвлөгөө өгч ажилладаг. Эмнэлгийн хоол жирийн хоолноос илчлэг уураг ихтэй байдаг. Тэр дундаа хавдрын үеийн хооллолтод илчлэг, уураг нэмэгдүүлсэн байдаг юм. Иймээс хоолны эцэс, мено, хоол үйлдвэрлэлийн тасагтайгаа хамтарч ажилладаг. Ихэнх хүмүүс эмчилгээ хийлгэж, эмнэлгээс гарсны дараа цаашид хэрхэн хооллох талаар зөвлөгөө мэдээлэл авдаг. Олон улсын датагаас харахад 15-45 орчим хувь нь оношлогдох үедээ шим тэжээлийн доройтолд орчихсон байдаг. Харин эмчилгээний үед шим тэжээлийн доройтол 40-80 хувь нь болж өсдөг.

Энэ нь хожуу оношлогдох, хавдрын байршлаас шалтгаалдаг. Тухайлбал, хөхний хавдар эхний үед оношлогдохдоо хооллолтой холбоотой ямар ч зүйл мэдэгдэхгүй. Харин улаан хоолой, ходоод, элэг, нойр булчирхай болон хоол боловсруулах замын хавдар хоол идэхээр ямар нэгэн нөлөө мэдэгдэж байдаг учраас шим тэжээлийн доройтолд ордог. Хүмүүс хавдар гэж үг сонсоод шууд хоолоо хориод эхэлдэг. Ингээд өөрийгөө шим тэжээлийн доройтолд оруулдаг.

-Шим тэжээлийн дутагдал орохоор ямар сөрөг нөлөө үзүүлдэг бэ?

-Шим тэжээлийн сөрөг үр дагавар бол булчингийн масс буурдаг. Булчингийн масс хүнд маш их хэрэгтэй зүйл. Булчингийн масс буураад ирэхээр хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болж, хэн нэгний хараат болдог. Мөн амьдралын чанарыг алдагдуулдаг. Эмчилгээний үр нөлөөнд сөрөг үр дагавар өгөхөөс гадна мэс заслын дараах хүндрэлийг нэмэгдүүлдэг. Тодруулбал, оёдол, шархны эдгэрэлт удааширч, эмнэлэгт хэвтэх хугацаан нэмэгдэг.

Хавдрын эсрэг туяа, хими, дархлаа, мэс заслын эмчилгээний үед шим тэжээлийн доройтол орж хоол идэж уухад хүндрэлтэй болж, шим тэжээл нь алдагдаж явдаг. Иймээс хавдрын үед илчлэг уургийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энгийн үеэс уураг илчлэгээ өндөр хэмжээгээр авах хэрэгтэй . Жишээлбэл, 60 кг жинтэй эрүүл хүн жингийн кг тутамдаа 0,8 грамм уураг хэрэглэх. Харин хорт хавдрын онош хүн 1,5 грамм уураг хэрэглэх ёстой.

-Тэгэхээр хавдраа эмчлүүлж байгаа байх хугацаандаа хооллолт дээр хэрхэн анхаарах ёстой бэ. Уураг, илчлэгээ хэрхэн нэмэгдүүлэх бэ?

-Ихэнх хүмүүс бүлэг хүнсний хориод эхэлдэг. Сахар хавдрыг тэжээж, хавдрын эс хооллож, эрч хүчээ болгож ашигладаг. Гэхдээ бидний бүх эс сахрын эрч хүчийг ашиглаж байдаг. Бид цусанд дахь сахраа тогтмол хянадаг. Сахар хүнийг бие өөрөө нарийн зохицуулдаг. Сахар ихдэхээр өвчин үүсдэг, багасвал бас л өвчин үүсдэг. Сахрын ор тас хорьж байна гээд жимс, хүнсний ногоо, үр тариаг хориод, зөвхөн мах хэрэглээд байж болохгүй. Бид нь бичил, шим тэжээл хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бичил шим тэжээлийг бүхэл үр тариа, хүнсний ногоо,жимс жимсгэнээс авдаг. Сайн чанарын тос, омегоор баялаг зүйл хэрэглэх ёстой.

Бүлэг хүнсний хорих нь сөрөг үр дагавартай. Ер нь бол эрүүл хооллолт гэдэг нь бүх төрлийн хүнсээ зохих хэмжээгээр хэрэглэхийг хэлнэ. Сайн чанарын өөх тос, уураг, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, усны хэмжээ, хүчилтөрөгчийг бүгдийн зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой. Бүлэг хүнсний хорих нь сөрөг үр дагавартай. Ер нь бол эрүүл хооллолт гэдэг нь бүх төрлийн хүнсээ зохих хэмжээгээр хэрэглэхийг хэлдэг. Сайн чанарын өөх тос, уураг, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, усны хэмжээ, хүчилтөрөгчийг бүгдийн зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой. Аль нэг нь алдагдаад эхлэхээр нэгийг нь нөгөөгөөр нөхөж авах боломжгүй. Бие махбодод дутагдал бий болдог. Хэрэгцээ байхад бүлэг хүнсээ хориод байхаар дутагдал үүснэ. Ингээд хүмүүс өөрийгөө шим тэжээлийн доройтолд оруулж байдаг. Мөн нэг нэгэндээ зөвлөгөө өгч түүнийгээ хорь, үүнийг хорь гэдэг. Ямар нь хүнсийг хориод байвал дутагдал орно гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн хориглож болохгүй юм байна. Зөв хооллолтын үед юуг хориглох вэ?

-Нэмэлт сахрыг хориглоно. Тухайлбал, ундаа жүүс, чихэр, амтанд чанаргүй тосноос өөр ямар нэгэн амин дэм байхгүй. Жимс тодорхой хэмжээний чихэрлэг боловч витамин, эрдэс амин дэм, эслэг гээд хүний биед хэрэгтэй бүх зүйлүүд байгаа. Олон улсын судалгаа, нотолгоогоор аль нэг хоол дэглэмээр хавдрыг бууруулж, дахилтаас сэргийлэх, багасгах, үр нөлөө байхгүй. Хоолны дэглэм барих нь шим тэжээлийн доройтлыг ихэсгэдэг учраас  хавдрын үед хоолны дэглэмийг зөвлөдөггүй.

Иргэдийн хувьд кето дэглэм ярьдаг. Кето дэлгэм сайн чанарын өөх тосоор баялаг, бага хэмжээний уурагтай, нүүрс усыг хязгаарласан хоол дэглэм. Үүнийг зарим төрлийн хавдарт сайн сахаргүй болохоор хавдрын эсийг хязгаарлана гэж хүмүүс үздэг. Гэтэл энэ дэглэмийг дэлхийн дээр амьтанд л хийсэн туршилт байгаа. Зөвхөн тархины хавдар дээр туршиж үзсэн. Иймээс бүх хүн хэрэглэхэд зохимжтой биш. Энэ дэглэмийг хавдрын үед хэрэглэдэг хоолны дэглэм биш.

-Хавдар нь бүрэн эмчлэгдсэн, эмчлүүлж байгаа хүмүүс хооллолт нь дээр хэрхэн анхаарах бэ?

-Хавдрын байршил болон аль үе шатандаа байгаа, ямар эмчилгээ хийгдэж байгаагаас нь хамаарна. Бидний хувьд хүнээ аль болох шим тэжээлийн доройтол оруулахгүй байх тал дээр анхаардаг. Шим тэжээлийн доройтолтой байвал эмчилгээ тасалдах сөрөг үр дагавартай. Хүмүүст өгч байгаа гол зөвлөмж нь уураг, илчлэг, сайн чанарын нийлмэл нүүрс ус, амин дэм эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал.

Гол хориглох зүйл нь хиам, зайдас, хэт их боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, бэлэн түргэн хоол, ундаа жүүс, хавдраас сэргийлэх сүлжээний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Таргалалт нь 13 төрлийн хорт хавдартай хамааралтай байдаг. Таргалалт үрэвсэлт өвчин учраас биеийн жингээ зөв зохистой байлгах нь хамгийн чухал. Хооллолтоос гадна хөдөлгөөний идэвх хамгийн чухал.

- Хавдрын хими, туяа эмчилгээ, хагалгаа хийлгэсэн хүмүүсийн хооллолт өөр байх уу?

-Хавдрын идэвхтэй эмчилгээ хийлгээд явж байгаа хүмүүст хоолны дэглэм зөвлөхгүй. Идэж чадаж байгаа зүйлээ идэхийг зөвлөдөг. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй. Зарим хүмүүс үнэрт мэдрэг болдог. Махны үнэр авч чадахгүй байвал ургамлын гаралтай уураглаг хүнс зөвлөдөг. Тухайлбал, дүпү, өндөг , шар буурцаг гэх мэт. Тухайн хүний шинж тэмдэгт тааруулж хоолны зөвлөгөөг өгдөг.

Эмчилгээ дуусаад дараа илүү эрүүл хооллолтын зөвлөгөөг зөвлөдөг. Хориглох зүйл нь хиам зайдас, хэт их боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, бэлэн түргэн хоол, ундаа жүүсээ хориглодог байгаа.

-Ер нь эмэгтэйчүүд хоолны дэглэм бариад, зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй хориод байдаг. Энэ нь шим тэжээлийн дутагдал орох эрсдэлтэй юу?

-Ер нь хүн өдөр 400 грамм хүнсний ногоо хэрэглэх ёстой. Ингэснээр илчлэг, эслэг өндөртэй, хүний биед хэрэгтэй бүх амин дэмээ авах боломжтой. Уураглаг, сайн чанарын нүүрс усыг зохистой хэрэглэнэ. Хүмүүс жин хасах зорилгоор хоолны дэглэм барьдаг. Энэ нь илчлэгийн дутагдал огцом хүргэдэг. Чихэр болон амтлаг зүйлс хүний биед ороод цадах мэдрэмжийг өгдөггүй. Харин ч ахиад идэх хүслийг төрүүлдэг. Сахраа ихэсгэхгүйгээр урт хугацаанд цатгалан байлгадаг хүнсийг тогтмол хэрэглээд байвал дараагийн хоол идэх хүртэл өлсөхгүй.

Сахар савлахгүй байхаар хүн тогтмол цагаар хооллох боломжтой. Сахар савлуулдаг хүнс идээд байвал ойр ойрхон өлсөөд байдаг. Өндөр илчлэгтэй хоол иддэг байж байгаад хоолны дэглэм бариад илчлэгээ буулгаад ирэхээр эхний хэдэн хоногт жин хасаж, турдаг. Гэвч үүнийг тархи илрүүлдэг. Бага идээд эхэллээ ямар нэгэн асуудал гарлаа гээд бага илчлэгийг нөөцлөөд эхэлдэг. Энергийг нөөцлөхөөс гадна биед хоол ороод ирэхээр илүү мэдрэг болоод өлсөх дааврыг ялгаруулдаг.

Дэлгэм бариад эхлэхээр толгойндоо ихэвчлэн хоол боддог. Ингээд дэглэмээ барихгүй байхаар огцом идээд эхлэхээр тархи дараа ахиад илчлэгийн дутагдал орж магадгүй гээд өөх болгож хадгалдаг. Турах гэж байгаа бол хоолны дэглэм барихгүйгээр урт хугацаагаар эрүүл хооллох нь хамгийн үр дагавартай. Мөн нэмэлтээр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Богино хугацаанд илчлэг хязгаарласан дэлгэм бариад байвал бүр их жин нэмнэ.

-Хүмүүс тураах бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Энэ нь зохистой хооллолт орох уу?

Хооллолт гэхээр хүн ходоодоо дүүргэдэг зүйл биш. Хүн идэж байгаа зүйлээсээ ташаал авч, шим тэжээл,  хоол идсэн мэдрэмж авах ёстой. Тухайн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн биед ороод өгөх ёстой шим тэжээл, эрдэс, био идэвх чанар нь байна уу гэдэг нь чухал. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн био идэвх нь өндөр байдаг. Үйлдвэрийн аргаар  гаргасан бүтээгдэхүүн хүний бие шингэж, шим тэжээл болж байна уу гэдэг бас  асуудалтай. Байгаль гаралтай бүтээгдэхүүн хүн идэхээр зориулагдсан байдаг. Харин нэмэлт бүтээгдэхүүн шим тэжээл дутагдал хүргэх эрсдэлтэй. Мөн илчлэгийн дутагдал хүргэх эрсдэл ч бий.  Тухайн нэмэлт бүтээгдэхүүнээ  хэрэглэхгүй болохоор эргээд жин нэмэгдүүлэх эрсдэл бий.

-Орой 18.00 цагаас хойш хоол идэхгүй байх нь хэр зохиомжтой зүйл бэ?

-Эрүүл хүмүүс  тодорхой хэмжээний мацаг бариад явбал, биед сайн нөлөө үзүүлдэг. Харин хавдраар өвчилсөн хүмүүс жин алдах эрсдэлтэй байдаг. Тэр дундаа булчингийн алдалтай байдаг учраас өдөр бүр  ойр ойрхон, баг багаар  өдөрт 6 удаа хооллох хэрэгтэй. Тэр дундаа элэгний хатуурал хавдартай хүмүүс их ядардаг тул мацаг барьж болохгүй. Ер нь хавдрын үед  янз бүрийн мацаг зөвлөдөггүй.

-Элэгний өөхлөлтэй хүмүүс хэрхэн хооллох бэ?

-Элэгний өөхлөлтэй хүмүүс нэмэлт төрлийн сахар, шарсан хуурсан хоолнууд идэхгүй байх хэрэгтэй. Элэгний өөхлөлтийг эмч нар бүрэн арилгахад хэцүү гэж хэлдэг. Өөхлөлтөө нэмэгдүүлэхгүй хэмжээг бууруулахаас сэргийлэх нь чухал. Иймээс элэгний өөхлөлтэй хүмүүс одооноос зөв хооллож эхлэх хэрэгтэй. Сүүлийн үед орой, шөнийн цагаар хооллох хандлага ихэссэн.

Бэлэн түргэн хоолтой үргэлж гаазтай ундааны хэрэглээг дагуулж байдаг учраас хүмүүс хэрэглэдэг болсон. Тэр дундаа хүүхэд залуучууд түлхүү хэрэглэж байна Тостой хоол идээд хажуугаар гаазтай ундаа хэрэглээд сахраа ихэсгэж байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Одоо хавдраар өвчилж байгаа хүмүүсийн нас залуужсан.

-Эмнэлгийн хоол зүйчээс иргэд хооллолтын талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой биз дээ?

-Боломжтой. Өөр эмнэлэгт хагалгаанд орсон хэрнээ манайхаас хоолны зөвлөгөө ирж авах тохиолдол зөндөө бий. Зөвлөгөө авах хүмүүс бүртгэл дээр ирээд цаг аваад хоолны зөвлөгөө авах боломжтой. Нэг хүндрэлтэй зүйл нь адилхан оноштой хүмүүс нэгэндээ зөвлөгөө өгөөд байдаг. Ер нь бол тухайн хүний нас, хүйс, ажил мэргэжил, хаана амьдардаг, ямар өвчин хавсарсан байдлаас хамаараад хүн бүрт өгөх  зөвлөгөө өөр байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Ярилцсан танд баярлалаа

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

А. Оюундарь: Хавдартай хүмүүс их ядардаг тул мацаг барьж болохгүй  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй