Шууд Chart

Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд 10 хоног үлдлээ

2026-05-09 13:20:25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо М Банк Аренад эхэлнэ.

Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр тавдугаар сарын 26 хүртэл хүч сорих юм.

Энэхүү тэмцээн нь 2026 оны есдүгээр сарын 19-нд Японы Аичи муж, Нагоя хотноо эхлэх Азийн зуны XX спортын наадмын эрх олгохоороо онцлогтой.

Тодруулбал, анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад Азийн наадмын эрх олгоно.

Түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна тэмцээний нээлтэд “Авъяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах гэж байна.

Пүмсэгийн ес, тулааны 27, пара таеквондогийн 11 дэх удаагийн тэмцээн долоо хоногийн турш “Мбанк арена”-д үргэлжилнэ.

Хоёр жилд нэг удаа болдог ААШТ нь тивдээ олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог гэдгээрээ ач холбогдолтой гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 


Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд 10 хоног үлдлээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй