Шууд Chart

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-05-08 16:09:42

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийж байна. Тус гүүрэн байгууламж нь 90 метр урт, гурван орц гарцтай бөгөөд босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төмөр замын урд, хойд хэсэг болон “Залуус” хорооллын урд талын шонт суурь, суурийн ажлуудыг хийж байна. 

Гүүрэн гарцыг зорчигч өгсөж, уруудахад огцом налуугүй байхаар төлөвлөсөн тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломжтой байх юм. Тус гүүрэн гарцыг энэ оны II улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Таван шарын нүхэн гарцын нийт барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ногоон байгууламж, борооны ус зайлуулах систем болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгасан. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулсан байна. Одоогоор нийт 2900 метр урт авто замын гэрэлтүүлгийн кабелийг татан ашиглалтад оруулсан нь шөнийн цагт осол гарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлснээр гол болон туслах замуудын уялдаа холбоо сайжирч, авто замын огтлолцлын зөрчил буурна.

Ингэснээр хөдөлгөөний урсгал тасралтгүй болж, замын сүлжээний ачааллыг оновчтой хуваарилах боломж бүрдэхээс гадна замын түгжрэл, саатал буурч, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах юм.  


Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй