Францын Засгийн газар "Ковид-19" цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж байна. Тухайлбал, Францад коронавирусний шинжилгээ нь эерэг гарсан бүх хүнийг 10 хоног тусгаарлах, хэрэв тусгаарлагдахаас татгалзвал торгууль оногдуулахаар болсон байна.
Францын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Франц улс "Ковид-19" цар тахлын дөрөв дэх давлагаатай тулгарлаа. Иймээс цар тахлын эсрэг хязгаарлалтыг чангатгах шаардлагатай боллоо" гэж даваа гарагт мэдэгджээ.
Францад өдөрт бүртгэгдэж байгаа халдварт тохиолдлын тоо 10 мянга давжээ. Тус улсад бүртгэгдэж байгаа халдварт тохиолдлын 80 гаруй хувийг Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусний дельта хувилбар эзлэж буй юм байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу 10 хоног тусгаарлах журмыг мөрдөөгүй хүнийг 1000 евро буюу 1100 ам.доллараар торгох юм байна.
Мөн энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн соёлын төв, ресторан, худалдааны төв болон бусад олон нийтийн үйлчилгээний газрууд вакцин хийлгэснийг нотлох бичиг баримтыг заавал шалгаж нэвтрүүлэх журам мөрдөхөөр болжээ. Орон нутгийн засаг захиргаа нь үйлчилгээний газруудад уг журмыг мөрдөж байгаа эсэхийг тогтмол шалгаж, хэрэв дагаж мөрдөөгүй бол торгууль ногдуулахаар төлөвлөж байна.
Испани, Португаль зэрэг Европын зарим улс дельта хувилбар тархаж байгаатай холбогдуулан битүү орчинд заавал амны хаалт зүүх зэрэг цар тахлын эсрэг хатуу хязгаарлалтыг сэргээн тогтоож, шөнийн цагаар хөл хорьж байна.
| Франц цар тахлын 4 дэх давлагааны эсрэг хязгаарлалтаа чангатгаж байна | ||
| Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.