Шууд Chart

БНФУ хямд түргэн хувцас үйлдвэрлэгч брэндүүдийг торгох хууль батлав

2024-03-16 13:33:36

Франц улсын Парламентын доод танхим хуралдаж, түргэн хувцас үйлдвэрлэдэг брэндүүдийг торгох заалттай хуулийн төслийг баталлаа.

Түргэн хувцас үйлдвэрлэгч гэж богино хугацаанд олон тооны чанаргүй хувцас үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэн, эргээд тэр хувцас нь байгаль дээр хог хаягдал болж гардаг брэндүүдийг хэлдэг.

Иймэрхүү брэндүүд байгаль орчныг бохирдуулж сөргөөр нөлөөлж байна гэж сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалагчдын бай болоод байгаа юм.

Түргэн хувцас үйлдвэрлэдэг брэнд гэдэгт Хятадын "Shein", "H&M", "Zara" зэрэг брэндүүдийг голчилж нэрлэдэг. Франц улсын Парламентын доод танхимаас баталсан шинэ хуулийн дагуу 2030 он гэхэд эдгээр брэндийн үйлдвэрлэж байгаа олноороо хаягддаг байгаль орчин бохирдуулагч нэгж хувцас бүрт 10 еврогийн торгууль оногдуулах юм. Энэ төрлийн 100 хувцас үйлдвэрлэлээ гэхэд 1000 евро буюу 4 сая орчим төгрөгөөр торгоно гэсэн үг.

Торгуулиас гадна энэ төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглож буй юм байна. Одоо энэ хуулийг Парламентын дээд танхим буюу Сенатын танхимд хүргүүлнэ.

Сенатын танхимаас баталбал албан ёсоор хэрэгжих хууль болох юм.

Хятадын "Shein" зэрэг компанийн түргэн чанаргүй хувцаснууд олон улсын зах зээлд амархан худалдах боломжтой, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд амархан ордог гэдэг утгаараа хэдий чанаргүй гэдэг нэртэй ч одоо ч гэсэн эрэлт ихтэй байсаар байна.

Харин "H&M", "Zara" зэрэг брэнд худалдан авагчийн хүсэл сонирхол ямар байдгийг мэддэг тул одоо ч чанаргүй хувцас үйлдвэрлэж нийлүүлсээр байгаа гэсэн судалгаа байдаг.

Дэлхийн хувцас загварын зах зээлд үнэтэй, том брэндийн, эсвэл боломжийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндүүдийн зарагдаагүй үлдсэн бүтээгдэхүүний хэмжээ 40 хувьтай байдаг буюу зах зээлд гаргасан хувцасных нь ердөө талаас дөнгөж илүү хувь нь л баттай зарагддаг гэсэн үг юм.

Харин "Shein" шиг брэнд хямд үнэтэй хувцас нийлүүлдэг тул зарагдаагүй үлдсэн гологдол бүтээгдэхүүний хувь хэмжээ нэг оронтой тооноос хэтэрдэггүй гэсэн судалгаа байна. Тиймдээ ч энэ брэндийн эрэлт асар өндөр байгааг харж болно.

Гэвч бараг гологдол бүтээгдэхүүнгүй ашигтай ажилладаг эдгээр брэндийн бараа бүтээгдэхүүн чанаргүй учир хэрэглэгчдийн гар дээр очсон хойноо хог хаягдал болох эрсдэлтэй байдаг. Түүнээс гадна эдгээр брэндийн хувцас маш хямд байх ёстойн дээр маш олноор богино хугацаанд үйлдвэрлэх ёстой тул бүтээгдэхүүнийг гардан үйлдвэрлэж байгаа ажилчдын цалин хөлс маш бага гэдэг асуудал 2023 онд яригдаж, Бангладеш зэрэг улсуудад түргэн хувцасны брэндийн ажилчдын эрхийг хамгаалах жагсаал болсон.

Хятад шиг том эдийн засагтай орон иймэрхүү брэндийн үйлдвэрээ Зүүн Өмнөд, Өмнөд Азийн улс орнуудад босгох нь элбэг байдаг.

Тэгвэл Франц улс эдгээр брэндийг торгох хууль баталснаар эргээд ард иргэдийнхээ амьдралыг улам л хүнд болгоно гэж "Shein" брэндийн төлөөлөгчид хэлж байна.

Эдгээр бүтээгдэхүүнд торгууль оногдуулж, худалдааг нь хязгаарласнаар одоо аль хэдийн эдийн засгийн хямралд өртөөд, худалдан авах чадвар нь буурсан байгаа иргэдийн санхүүгийн асуудлыг улам нэмнэ гэж харж байгаа бүлэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНФУ хямд түргэн хувцас үйлдвэрлэгч брэндүүдийг торгох хууль батлав  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй