Өмнөд Солонгост төрөлт буурснаас эдийн засгийн идэвхтэй буюу хөдөлмөрийн насны хүн ам 2044 он гэхэд ойролцоогоор 10 саяар буурах төлөвтэй байна.
2023 онд 36.6 сая байсан 15-64 насны хүн амын тоо 2044 онд 27.2 сая болж буурна гэсэн тооцоо судалгааг Солонгосын Хойгийн хүн амын судалгааны хүрээлэнгээс танилцуулжээ.
Өнгөрсөн онд 430 мянгад хүрч байсан бага сургуулийн нэгдүгээр ангид элссэн сурагчдын тоо 2033 онд бараг хоёр дахин буурч, 220 мянгад хүрэх төлөвийг дээрх судалгаанд мөн харуулжээ.
2060 онд нас барсан хүний тоо 746.000-д хүрнэ гэж таамаглаж байгаа бол төрөлт дөнгөж 156.000 болж, нийт хүн ам нь байгалийн жамаар 590.000-аар буурах хандлагатай байна.
Энэ үзүүлэлтээр бол 2023 онд 51.71 сая байсан Өмнөд Солонгосын нийт хүн ам 2065 он гэхэд 39.69 сая болж буурна гэж таамаглаж байна.
Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо буурах нь хэрэглээнд сөргөөр нөлөөлж, дотоодын зах зээлийг сүйрэлд хүргэх эрсдэлтэй.
Мөн ахмад настныг дэмжих ачааллыг нэмэгдүүлж, эдийн засгийн удаашрал, удаан хугацаанд үргэлжлэх бага өсөлтийг бий болгоно гэж Солонгосын Хойгийн хүн амын судалгааны хүрээлэнгийн судалгаанд дурджээ.
Өмнөд Солонгост төрөлт олон жил дараалан буурч байгаа, нийт төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйд амьдралынхаа туршид ногдох хүүхдийн дундаж тоо 2023 онд 0.72 болж, түүхэн доод түвшинд хүрсэн байна.
Энэ тоо нь цагаачдыг тооцохгүйгээр хүн амаа тогтвортой байлгахад шаардагдах нэг эмэгтэйд ногдох 2.1 төрөлтөөс хамаагүй доогуур үзүүлэлт. 2024 оны хоёрдугаар сард дөнгөж 19.362 хүүхэд мэндэлсэн нь 1981 онд Өмнөд Солонгосын Статистикийн төв газар төрөлтийн мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших жил бүрийн хоёрдугаар сартай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт болсон байна.
БНСУ-ын хөдөлмөрийн насны хүн ам 2044 он гэхэд 10 саяар буурна | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.