Гүрж улсын парламент удаан хугацаанд маргаан дагуулан яригдаж байгаа гадаадын агентын тухай хуулийг эцэслэн баталлаа. Одоо энэ хуульд ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Энэ хуульд гадаадаас санхүүждэг иргэний нийгмийн байгууллагууд, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгах агуулга багтаж байгаа юм. Тэгвэл энэ хуулийг баталсан даруй Гүржийн нийслэл Тбилиси хотод эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн улам эрчимжжээ.
Гүржийн гадаадын агентын тухай хууль нь иргэдийн эрх чөлөө, улсын ардчилсан тогтолцоог нь унагааж байгаа шийдвэр гэж ард түмэн нь эсэргүүцэж байна. Гүржийн төр хүчээрээ далайлгаж эхэллээ гэж эсэргүүцэгчид сар гаруйн хугацаанд хөдөлгөөн өрнүүлсэн. Өчигдрийн байдлаар энэ хуулийг эцэслэн батлахад эсэргүүцэгчид Тбилиси дэх парламентын ордон руу дайрч орохыг завдсан байна. Мөн Тбилисийн төв талбай, гол замууд жагсагчдын хөлд дарагдаж, зорчих хөдөлгөөн саатжээ. Ингэж эсэргүүцэж байгаа гадаадын агентын тухай хуульд төрөөс хараат бус иргэний нийгмийн байгууллагууд, гаднаас 20 болон түүнээс дээш хувиар санхүүждэг бол гадны агент гэж тооцогдож, Гүржийн хуулийн дагуу хатуу хяналтад орно. Гадны агент нь гадаад улсын ашиг сонирхлыг илэрхийлэгч гэж тооцогдоно гэж заажээ. Хуулийг парламентын гишүүдийн 84 нь дэмжиж, 30 нь эсрэг санал өгсөн байна. Түүнчлэн гадаадын агент гэж бүртгэгдсэн байгууллагуудын үйл ажиллагааг Гүржийн хууль зүйн яам хянаж, байгууллагын дотоод нууцыг нь авахыг шаардах хууль эрхзүйн орчин бүрдэж, хэрвээ энэ үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол 10 мянган доллароор торгох зэрэг ял шийтгэл үүрэх эрсдэл үүсэж байна гэж олон улс, орон нутгийн агентлагууд бичжээ. Гүржийн эрх баригчид мөн энэ хуулийг ашиглаж сөрөг хүчний дуу хоолойг дарах магадлалтай гэж БиБиСи бичсэн байна.
Тиймээс эсэргүүцлийн хөдөлгөөн ширүүн өрнөж, эсэргүүцэгч иргэд цагдаа нартай мөргөлдөж байна. Парламентын ордныг хамгаалалтдаа авсан цагдаа нар баривчлах ажиллагаа явуулжээ. Парламентын ордон дотор ч нөхцөл байдал хурцадсан байна. Ордны засгийн газрын агентлагийн ажилчид болоод сөрөг хүчний улс төрчдийн хооронд ширүүн маргаан мөргөлдөөн болсон байна. Сөрөг хүчний намууд энэ хуулийн уршгаар Гүрж улс Европын Холбоонд элсэж чадахгүй болно гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Гүрж нь одоогоор Европын Холбооны ажиглагчийн статустай байгаа. Европын Холбооноос ч Гүржид хандаж энэ хууль нь ардчиллын үзүүлэлтээр унахад хүргэх хууль гэж анхааруулсаар байна. Сөрөг хүчний олон намууд, эсэргүүцэгч ард иргэд энэ хуулийг Оросын жишгийг дагасан хууль гэж шүүмжилж байна. ОХУ 2012 онд гадаадын агентын тухай Гүржийнхтэй төстэй хууль баталж байсан. Кремль энэ хуульд тулгуурлаж, эсрэг үзэл бодолтой сөрөг хүчнийг дардаг гэж БиБиСи бичжээ. Энэ хуулийг барууны орнууд хүртэл анхааралдаа авч, Гүржийн парламентыг зохисгүй шийдвэр гаргаж байна гэсэн байр сууриа илэрхийлсний дотор АНУ, Их Британи зэрэг улс багтжээ.
Гүрж улсын парламент гадаадын агентын тухай хуулийг батлав | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.