Шууд Chart

ДЭМБ-ын оны ээлжит чуулган эхэллээ

2024-05-28 14:58:51

ДЭМБ-ын оны ээлжит чуулган Даваа гарагт Швейцарын нийслэл Женев хотод эхэллээ. Нийт 194 гишүүн орны төлөөлөл энэ удаагийн чуулганд оролцож байна. Гишүүн улс орнууд дэлхийн эрүүл мэндийн асуудлын талаар хэлэлцэнэ. Энэ жилийн чуулганы голлох аженда нь Олон улсын эрүүл мэндийн журмыг хянан засварлах. Энэ журамд зааснаар улс орнууд хил дамнан тархах эрсдэлтэй эрүүл мэндийн асуудал, өвчин эмгэгтэй тэмцэхийн тулд улс орнууд бүгд үүрэг хүлээнэ гэж байдаг. Энэ чуулганы бас нэг онцлог нь одоо зогсонги байдалд ороод байгаа цар тахлын үед авах арга хэмжээний гэрээг батлах асуудал юм байна.

Цар тахлын жилүүдэд улс орнууд бэлтгэлгүй, нягт уялдаа холбоогүй ажилласны улмаас дэлхий даяар 13 сая хүн үрэгдэх үндэс болсон. Тиймээс дахин ийм болзошгүй цар тахал гарах эрсдэлийг тооцоолж, улс орнууд хамтарч сэргийлэх, цар тахал гарвал хамтарч арга хэмжээ авах Цар тахлын үеийн гэрээний загварыг хоёр жилийн өмнөөс хэлэлцсээр байгаа. ДЭМБ-ын гишүүн орнууд уг гэрээг энэ сарын эхээр батлахаар төлөвлөж байсан ч чадаагүй. Улс орнуудын ялгаатай байр суурийн улмаас гэрээг одоо ч баталж чадахгүй байна гэж олон улсын шинжээчид шүүмжилж байна. Энэ сарын эхээр батлах байсан гэрээний загварт хөгжиж байгаа орнуудад цар тахал зэрэг томоохон эрсдэлээс сэргийлэхэд нь хөгжингүй орнууд санхүүгийн тусламж үзүүлэх гэж тусгасан байсан нь гол маргааныг дагуулсан гэж үзэж байна. Хэлэлцэгч талууд ДЭМБ-ын оны ээлжит чуулган эхлэхээс өмнө гэрээг байгуулахаар хичээнгүйлэн ажиллаж байсан ч ийнхүү чуулган эхэллээ. Энэ чуулганаар гэрээг батлахын тулд хэлэлцээг хэрхэн үр дүнтэй явуулах талаар авч хэлэлцэх болов уу гэж таамаглаж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейсус гишүүн орнуудыг тодорхой шийдэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Цар тахлын үеийн гэрээ нь олон улсын маш том төсөл, мөн хэлэлцэн батлах хугацааг анхнаасаа богино тодорхойлсон. Тиймээс дундаа удааширсан. Гэхдээ дэлхий нийтээрээ нэг хүсэл зоригтой байхад арга зам нь олдоно гэж үзэж байгаагаа дурджээ.

Мөн гэрээний зуучлагч талууд гэрээг бүх улс орны ашиг сонирхлыг багтаасан, үл ойлголцол үүсэхүйц тэмдэг агуулаагүй байхаар гаргахаар нойр хоолгүй зүтгэж байгаа талаар дурджээ. Гэрээг батлахад гол маргаан дагуулаад байгаа асуудал нь нэгдүгээрт хөгжингүй орнууд хөгжиж байгаа орнуудад өөрсдийн эм эмийн бүтээгдэхүүн, вакцин үйлдвэрлэхэд санхүүгийн тусламж үзүүлэх. Хоёрдугаарт цар тахал шиг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн ноцтой аюул тулгарахад хөгжиж байгаа орнууд өөрсдөө вакцинаа тэр дороо үйлдвэрлэж дотооддоо ханган нийлүүлэх эрхийг ДЭМБ олгох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ-ын оны ээлжит чуулган эхэллээ  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй