БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрөгч долоо хоногт Коммунист намын гишүүдэд хандаж залуусын ажил эрхлэлт бол Хятад улсын тэргүүлэх асуудал мөн гэж хэлжээ.
Хятад улсад залуу үеийнхэн хэд хэдэн шалтгааны улмаас ажил эрхлэхгүй байх замыг сонгох нь их болж, энэ улсад залуу боловсон хүчний хямрал үүсээд байгаа юм.
Хятадын дарга залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд томоохон шинэчлэлт, шийдвэр гаргаж магадгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
БНХАУ-ын залуусын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 14.7 хувьтай байна. Энэ зургаадугаар сард их, дээд сургуулиудыг 11.8 сая оюутан төгсөн гарна гэсэн албан тоо баримт байна.
Улмаар шинэ төгсөгчид ажилгүй залуучуудын тоог өсгөх хандлагатай байна. Өнгөрсөн оны дундуур Хятадын залуусын ажилгүйдлийн түвшин 21.3 хувьд хүрч дээд үзүүлэлтэд хүрээд байсан. Энэ тоон үзүүлэлтийн улмаас Хятадын үндэсний статистикийн хороо ажилгүйдлийн түвшинг сар бүр тогтоодгоо түр завсарлаж байсан юм.
2023 оны 12 дугаар сараас харин эргэн ажилгүйдлийн хувь хэмжээг тоолж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Хятадын муж, аймгуудын захиргаад ажлын байрны экспо зарласан.
Эдгээр экспо залуусыг ажилтай болгоход, анхаарлыг нь татахад чиглэж байсан байна. Экспогийн үеэр зочлох үйлчилгээ, хүний нөөцийн компаниуд залуусыг хамгийн их татаж байжээ.
Экспо сонирхогч залуус их сургуульд судалж эзэмшсэн мэргэжил болон хүсэл сонирхолд нь таарсан ажил олно гэдэг хэцүү гэж ярьж байлаа.
Харин ажил олгогчдын зүгээс залуучуудын хүлээлт хэтэрхий өндөр байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Одоо үеийн залуус энгийн ажлын байр сонирхохоо больсон. Олонх нь онцгой, нэр хүндтэй ажлын байр сонирхох болсон гэж шинэ ажилтан горилогчид хэлж байна.
Энэ асуудалтай уялдуулан Хятадын дарга Ши Жиньпин Коммунист намын төв хорооны гишүүдэд хандаж “Залуусын төгссөн мэргэжил, эзэмшсэн чадварт нь тохирсон ажлын байр олноор, шинээр бий болгох хэрэгтэй” гэжээ.
БНХАУ дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог үсрэнгүй хөгжиж байгаа орон ч цар тахлын дараагаас эдийн засаг нь бусад томоохон улсуудтай харьцуулахад маш удаан сэргэж байгаа. Үүнд дотоодын хэрэглэгчдийн эрэлт, худалдан авалт буурсан, үл хөдлөх салбар уналтад орсон байгаа зэрэг асуудлууд голлох нөлөөтэй байгаа юм. Эдгээр асуудлын араас харин залуучуудын ажилгүйдлийн түвшин их байгаа нь нөлөөлж байна гэж эдийн засагчид үздэг.
Хятадын Коммунист нам залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын түвшинд шинэчлэлт хийх хэрэгтэй, шинэчлэлт хийхээр ч ажиллаж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Ирэх долоодугаар сард Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулган болно. Тус чуулганаар залуусын ажил эрхлэлтийн асуудлыг авч хэлэлцэх төлөвтэй байна гэж Азийн хэвлэлүүд бичжээ.
Хятадын даргын баримталж байгаа гол үзэл баримтлалд залуусыг ажлын байранд идэвхжүүлэхийн тулд эдийн засгийн голлох салбаруудад ажлын байр нэмэгдүүлэх, стартап бизнес эрхлэхэд нь дэм үзүүлэх зэрэг багтаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Мөн зах зээл төвтэй, цахим орчинд хамааралтай ажлын байр олон болох хэрэгтэй гэж Хятадын дарга хэлжээ.
Түүнчлэн Хятадын Засгийн газар байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ төгсөгч ажилд авах, оюутан сурагчдыг дадлагажуулах нөхцөл бүрдүүлж өгөхөд тусалж магадгүй байна.
Гэхдээ эдгээр нь богино хугацаандаа үр дүнтэй, урт хугацаандаа аж үйлдвэрийн салбар, боловсролын салбарт томоохон шинэчлэлт хийх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.
Ши Жиньпин: Залуусын ажил эрхлэлт улсын тэргүүлэх асуудал мөн | ||
Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.