Шууд Chart

С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ

2025-02-07 18:40:46

Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан Узбекистан Улсад ажлаар айлчилсан байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр \2025.02.07\ Ташкент хотноо эхлэв. Энэ үеэр Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Узбекистан улсын Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар албан хэлцэл хийлээ.

Ж.А.Ходжаев хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд эрчимтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, Ташкент хотноо анх удаа зохион байгуулагдаж буй Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанаас үр дүнтэй, бодитой, ажил хэрэгч шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Шадар сайд С.Амарсайхан Ж.А.Ходжаевтай өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотноо уулзахдаа ярилцсан хоёр орны хамтын ажиллагааны олон санаачилга энэхүү хуралдааны үеэр бодит ажил хэрэг болж байгааг онцолжээ.

Энэхүү Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь 1992 онд Узбекистан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж байгаагаараа онцлог юм. Узбекистан улс нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтдаг, мөн далайд гарцгүй зэрэг манай улстай адил төстэй зүйл олон бий. Тиймд дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, давуу тал нөөц боломжоо харилцан ашиглах, хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах талаар хэлэлцэж, харилцаагаа өргөжүүлж байна.

Энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол-Узбекистан хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх зорилготой гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй