ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад ажиллагсдын тоог 755 –аар цөөрүүлэх шийдвэрийг ОХУ-ын эрх баригчид гаргаад байна. АНУ-ын тал энэхүү шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Мөн ОХУ-ын эрх баригчдын энэ шийдвэрийн хариуд ямар арга хэмжээ авахаа хэлэлцэж байгаа аж. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
Тэрээр ОХУ-ын засгийн газар тус улс дахь дипломат төлөөлөгчдийнхөө тоог ирэх 9 дүгээр сарын 1 гэхэд 455 болгон цомхотгох шаардлага тавьсаныг баталсан байна. АНУ-ын Конгресс өнгөрсөн 7 хоногт ОХУ болон Иран, Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах тухай хуулийн төслийг баталсан юм. Сенатын 98 гишүүн, Конгрессын доод танхимын 419 гишүүн энэ хуулийн төслийг дэмжсэн юм. Ерөнхийлөгч Дональд Трамп хоригийг чангатгах хуулийн төслийг дэмжин гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа талаар Цагаан ордон мөн мэдээлсэн юм. Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яам Вашингтонд хандаж Москва дахь АНУ-ын элчин сайдын яам болон Санкт Петербург, Екатеринбург, Владивосток хотууд дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломатууд, техникийн ажилтнуудынхаа тоог АНУ дахь Оросын дипломатчид, ажилтнуудын тоотой ижил болгон багасгахыг санал болгосон байна.
Энэ дагуу ОХУ дахь Америкийн элчин сайдын яам болон консулын газруудад ажиллагсдын тоог 455-д хүргэн багасгах ёстой болж байгаа юм. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид тус улс дахь ОХУ-ын дипломатуудын тоог бууруулах арга хэмжээ авбал хариу ийм шийдвэр гаргахаа ч мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Москва хотын Дорожний гудамжин дахь агуулахууд болон Серебрянный Бор дахь зуслангийн байрыг АНУ-ын элчин сайдын яаманд ашиглуулах гэрээгээ өнөөдрөөс эхлэн цуцлахаар болж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ВГТРК-ийн хөтлөгч Владимир Соловьевт ярилцлага өгөхдөө Америкийн 755 дипломат Оросыг орхин гарах ёстойг мэдэгдсэн юм. тэрээр үүнийг АНУ ын эсрэг авч буй хариу хориг арга хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр хэмээн тодорхойлсон юм. Америкийн тал 2 орны харилцааг муутгах алхам хийсэн. Москва нөхцөл байдал сайжирна, өөрчлөгдөнө хэмээн хүлээж найдаж байсан. Гэвч тийм хурдан өөрчлөгдөхгүй нь бололтой хэмээн Ерөнхийлөгч Вдадимир Путин мэдэгдсэн юм.
Гэхдээ Оросын төрийн тэргүүн Москва Вашингтонтой хэд хэдэн салбарт хамтран ажиллахыг хүсч байгааг илэрхийлсэн байна. Үүнд үй олноор хөнөөх зэвсгийг устгах, Сирийн нөхцөл байдлыг зохицуулах, нисэх, сансрын хөтөлбөрийг хэрэгжүүл төсөл хөтөлбөрүүд багтаж байгаа аж. Гэсэн ч ОХУ-д үзүүлэх дарамт шахалтыг цаашид нэмбэл хамтын ажиллагааны төлөвлөгөөнөөсөө татгалзахад бэлэн байгааг ч бас анхааруулсан юм.
| АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад ажиллагсдын тоог цөөрүүлэх шийдвэрийг гаргажээ | ||
| Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.