АНУ-ын зэвсэгт хүчин пуужингаас эсэргүүцэн хамгаалах "THAAD" системийн туршилт хийсэн байна. Америкийн батлан хамгаалах яамнаас туршилт амжилттай болсныг мэдээлсэн юм. Энэ туршилтын хүрээнд Номхон далай дээрх "С-17" цэргийн тээврийн онгоцноос дунд тусгалын баллистик пуужинг орлуулсан байг харвасан байна.
Пентагоноос мэдээлж байгаагаар Аляск мужийн Кадьяк арал дээрхи "THAAD" систем энэ байг илрүүлж дагаж байгаад устгажээ. Гэхдээ бай болгосон пуужинг хэдийд харвах нь тодорхойгүй байсан ч амжилттай илрүүлж устгасан байна. Энэ туршилтын үр дүнд байг амжилттай устгаад зогсохгүй "THAAD" системийг улам төгөлдөржүүлэх мэдээлэл цуглуулж чадсанаа Пуужингаас эсэргүүцэн хамгаалах агентлагийн тэргүүн, дэслэгч генерал Сэм Гривз мэдэгджээ.
Мөн тус агентлагаас мэдээлснээр бол энэ нь 2005 оноос хойш хийгдэж байгаа 15 дахь удаагийн туршилт бөгөөд үүний өмнө Солонгосын хойг дээгүүр "B-1" бөмбөгдөгч онгоцоо нисгэж, Японы өөрийгөө батлан хамгаалах хүчнийхэнтэй хамтарсан сургуулилт хийсэн юм. Туршилт-хамтарсан сургуулилтыг нь Умардын баллистик пуужингийн туршилтын хариу гэж мэргэжилтнүүд тодорхойлж байгаа.
Мөн Умард Солонгост өгч буй дохио сануулга, Пхеньянд цэргийн сүр хүчээ харуулах гэсэн алхам ч гэж дүгнэж байна. Энэ хооронд Умард Солонгос тив алгасагч баллистик пуужин бүтээхэд онцгой чухал цэнэгт хошуугаа агаар мандлын нягт давхаргаар гаргах технологийг амжилттай эзэмшиж чаджээ гэж Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд дүгнэж байна. Тодруулбал Өмнөд Солонгосын парламентын батлан хамгаалах хорооны тэргүүн Ким Ён У KBC-д өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд Умардын пуужингийн туршилтын бичлэгийг нарийн судалж пуужингаас унаж байгаа оч тэгш унаж байгаа нь пуужингийн байлдааны хэсэг хэт өндөр хэм, ачааллыг тэсч гарч, агаарт дэлбэрч, хуваагдалгүйгээр байндаа хүрч чадаж буйг гэрчилж байгаа гэнэ. Мөн тэрээр Умард Солонгос тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэн нь АНУ-тай цөмийн болон пуужингийн хөтөлбөр, бүс нутгийн бусад асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхийг хүсч буйн илэрхийлэл хэмээн дүгнэж байгаа аж.
| АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн туршилт хийлээ | ||
| Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.