Шууд Chart

"Индианаполис Са-35” хөлгийг 72 жилийн дараа Номхон далайгаас олжээ

2017-08-21 13:43:09

Дэлхийн 2 дугаар дайны үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд харьяалагдаж байсан “Индианаполис Си-Эй 35” нэртэй байлдааны хөлөг онгоц 72 жилийн дараа Номхон далайгаас олджээ. Тус байлдааны хөлөг онгоцыг 1945 оны 10 дугаар сард Япончууд пуужингаар харваж устгасан түүхтэй гэнэ. Хөлөг онгоцыг далайн гүнээс 5,5 км-ээс олж илрүүлсэн байна. Номхон далайн аль бүсээс олдсон талаарх газарзүйн нарийвчлалтай мэдээллийг одоогоор нууцалж байгаа юм.

“Индианополис байлдааны хөлөг онгоц 1945 оны 7 дугаар сарын 30-нд сөнөсөн юм байна. Тухайн үед тус хөлөг онгоцоор Японы Хирошима хотыг бөмбөгдөхөөр бэлдэж байсан цөмийн бөмбөгийн хэд хэдэн хэсгүүдийг тээвэрлэх нууц даалгавартай явж байсан талаар Ассошейтэд Пресс агентлаг уламжилж байна. Тухайн үед хөлөг онгоцны тавцан дээр ойролцоогоор 1200 орчим тэнгисийн цэрэг байсны дөнгөж  316 нь аврагдсан юм. Энэ нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний түүхэн дэх хамгийн их хохирол амссан буюу олон тооны тэнгисийн цэргээ алдсан тохиолдол байжээ. Японы шумбагч онгоцны пуужинд өртсөн “Индианаполис Си-Эй 35” хөлөг онгоц 12-хон минутын дотор живж алга болсон төдийгүй өдийг хүртэл байршил нь тодорхойгүй хэвээр байсан юм.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнээс өгсөн мэдээллээр, 1945 онд тус хөлөг онгоц живэхэд 300 гаруй тэнгисийн цэрэг хамт живсэн гэх бөгөөд үлдсэн нь далайн усанд удаан хугацаагаар сэлж, улмаар махчин загасанд бариулж амь үрэгдсэн байж болзошгүй гэж таамаглаж байжээ. Хөлөг онгоц аврах дохио өгсөн боловч ойрохон орших цэргийн бааз тус дохиог хожимдож хүлээж авсан төдийгүй хөлөг онгоц живснээс 4 хоногийн дараа үлдсэн амьд гарсан тэнгисийн цэргүүдийг аварсан юм байна.

Ийм нэгэн эмгэнэлт түүхтэй сөнөсөн хөлөг онгоцыг өнгөрсөн баасан гарагт олж илрүүлсэн юм. Эрэн хайх ажиллагааг Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Пол Аллены удирдлага дор 13 хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг хийсэн юм байна. Энэ үйл явдлыг түүхэнд бичигдэн үлдэхүйц том олдвор боллоо хэмээн эрлийн багийн гишүүд онцолсон юм. Пол Аллены удирдсан хайгуулын баг өмнө нь мөн адил дэлхийн 2-р дайны үед живсэн байлдааны хөлөг онгоцуудыг олж илрүүлж байсан төдийгүй Японы болон Италийн хөлөг онгоцуудыг олж байсан туршлагатай гэнэ.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Индианаполис Са-35” хөлгийг 72 жилийн дараа Номхон далайгаас олжээ  
Үзсэн: 1324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй