Шууд Chart

“Сайн хичээл-Сайн үйл ажиллагаа” зөвлөгөөн боллоо

2017-08-21 15:09:54

Боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд багш нар хүүхэд нэг бүрийг судалж, үнэлсний дагуу хичээл, үйл ажиллагаандаа бэлтгэх, тохирсон арга зүй, хэрэглэгдэхүүнийг сонгон хүүхдүүд өөрсдөө мэдлэг түгээх, турших, сонирхох, оролцох нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Тиймээс багш нар хичээлээ бүтээлчээр хөтлөн явуулах сайн туршлага, мэдлэг, ур чадвараа хуваалцах зорилгоор Завхан аймагт “Сайн хичээл-Сайн үйл ажиллагаа” аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Монгол Улс хүүхэд нэг бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, төлөвшсөн иргэн болж хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа. Тэгвэл дээрх аймгийн сургуулийн өмнөх боловсролын багш нар энэ зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцахаар хоёр дахь зөвлөгөөнөө зохион байгуулжээ.

Зөвлөгөөний үйл ажиллагааг Улиастай сумын хоёрдугаар цэцэрлэгт зохион байгуулж, аймгийн зургаан бүсээс шалгарсан сургуулийн өмнөх боловсролын багш нар оролцсон байна.

Энэ үеэр хамгийн шилдэг хичээл заах арга барил, сайн хичээлүүдийг тодруулж аймгийн технологийн санд бүртгэжээ.

Заах арга зүй, мэдлэг чадвараараа манлайлсан багш нар Улаанбаатар хотод болох улсын зөвлөгөөнд мөн оролцоно. Энэхүү үйл ажиллагаа нь нэг талаараа өрсөлдөөн мэт харагдавч, хамгийн гол нь багш нар мэдлэг чадвар, арга барилаа бусадтай хуваалцаж, харилцан бие биенээсээ туршлага судлах, чадавхжих зэрэг олон ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Сайн хичээл-Сайн үйл ажиллагаа” зөвлөгөөн боллоо   
Үзсэн: 2146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй