Шууд Chart

Японы тэнгисийн цэргийн хүчний нисдэг тэрэг сураггүй болжээ

2017-08-27 18:20:00

Японы тэнгисийн цэргийн хүчний "Эс-Эйч-60-Жи" нэртэй нисдэг тэрэг өнгөрсөн бямба гарагт ор сураггүй алга болсон талаар Японы "Эн-Эйч-Кей" агентлаг мэдээллээ. Мэдээлэлд өгүүлснээр, эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг тус нисдэг тэрэг сургуулилтын нислэг үйлдэж байхдаа удирдах төвөөс холбоо тасарсан талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар сураггүй болоод байгаа Японы тэнгисийн цэргийн нисдэг тэрэг осолдож, далайд унасан байж болзошгүй аж. "Эс-Эйч-60-Жи" эргүүлийн нисдэг тэрэг Японы Таппи гэж нэрлэгддэг арлаас ойролцоогоор 90 км-ийн зайд Японы тэнгисийн дээгүүр нислэг үйлдэж байхдаа холбоо тасарчээ. Таппи гэж нэрлэгддэг арлын бүс газар нь Японы хойд нутаг дахь Цугаругийн хоолойд орших Хокайдо болон Хоншю арлын дунд байдаг юм байна.

Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол нисдэг тэрэг холбоо тасрахынхаа өмнөхөн аврах удирдлагын газарт аврах дохиог илгээсэн талаар онцолсон юм. Сүүлд ирүүлсэн мэдээллээр, тус нисдэг тэргэнд Японы тэнгисийн цэргийн хүчний 4 цэрэг зорчиж явсан байна.

Харин нисдэг тэрэгнээс аврах дохио хүлээж авсны дараа буюу 40 минутын дараа аврах багийнхан тэнгисийн нэг цэргийг аварсан талаар мэдээлэв. Тэр цэрэг биедээ ямар нэгэн хүнд шарх аваагүй гэдгийг онцолсон байна. Одоогоор Японы Тэнгисийн цэргийн хүчин болон Далайн эргийн хамгаалалтын албаныхан алга болсон нисдэг тэргэнд зорчиж явсан бусад цэргүүдийг эрэн хайх ажиллагааны багийг илгээгээд байгаа тухай мэдээллээ.

Удирдлагын төвөөс холбоо тасарсан нисдэг тэрэг ямар шалтгааны улмаас осолдсон талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы тэнгисийн цэргийн хүчний нисдэг тэрэг сураггүй болжээ   
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй