Шууд Chart

Пхеньян Японыг давуулан пуужин харвалаа

2017-08-29 13:00:00

БНАСАУ өнөөдөр өглөө Японы газар нутгийг давуулан пуужин харважээ. Японы ерөнхий сайд Абэ Шинзо пуужин харвасан явдал нь улс оронд нь ноцтой заналхийлэл учруулж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Пуужинг орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 6 цагт харважээ. Энэ үеэр Японы хойд хэсэгт түгшүүр зарлаж, иргэдийг хоргодох байранд орохыг сануулсан байна. Пуужин Хоккайдогийн хойд хэсэгт байрладаг Эримомисаки арлын дээгүүр нисч, 3 хэсэгт хуваагдан Японы эргээс 1180 км зайд Номхон далайд унажээ.

Абэ Шинзо энэ явдлыг тун бодлогогүй үйлдэл болохыг цохон тэмдэглээд, пуужин хөөрсөн даруйд мэдээллийг түргэн шуурхай авч, ард иргэдээ хамгаалах боломжтой бүхий л арга хэмжээг авснаа онцолсон байна. Түүнчлэн пуужин харвасан явдал нь бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байгааг мэдэгдсэний зэрэгцээ Умардад үзүүлэх дарамт шахалтыг чангатгах талаар НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулах хүсэлт тавьжээ. Пхеньян 3 хоногийн өмнө богино зайн баллистик пуужингийн туршилт хийсэн. Түүнчлэн Япон, АНУ-ын Хоккайдод хийсэн цэргийн  хамтарсан бэлтгэл өчигдөр дууссан юм. Умард Солонгос улс өнөөдөр өглөө Японыг давуулан пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы ерөнхий сайд Абэ Шинзо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ. Утсаар ярьсныхаа дараа Ерөнхий сайд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Дональд Трамп Абэ Шинзо нар энэ явдал нь бүс нутагт урьд хожид байгаагүй ноцтой заналхийлэл учруулж байна гэж үзсэнийг мэдэгдсэн байна. Түүнчлэн тэд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулж, Умардад учруулах дарамт шахалтаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн Дональд Трамп Японыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пхеньян Японыг давуулан пуужин харвалаа  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй