Шууд Chart

АНУ Сан-Франциско дахь Оросын консулын газрыг хаахыг шаардлаа

2017-09-01 12:45:32

ОХУ тус улсад суугаа АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог цөөлөх шаардлага тавьсны хариуд АНУ Сан-Франциско дахь Оросын ерөнхий консулын газрыг хаахыг шаардлаа. Мөн АНУ-ын талын шаардаснаар Вашингтон болон Нью-Йоркод байгаа Оросын худалдааны төлөөлөгчийн хоёр газрыг хаахаар болж байна. АНУ-ын төрийн департамент энэ бүгдийг Оросын талын арга хэмжээний хариу гэж мэдэгдээд дээр нэр дурдсан газруудыг бямба гараг гэхэд хаасан байхыг шаарджээ.

Ингэхдээ АНУ-ын эрх баригчид Оросын дипломатчдыг эх орноосоо хөөхгүй, тэдэнд үлдэхийг зөвшөөрсөн гэж төрийн департаментын төлөөлөгч Хизер Науэрт хэллээ. Мөн Орос улс суларсан байруудыг өөрийн мэдэлд үлдээж болно. Гэхдээ энд дипломат төлөөлөгчийн газар байрлуулж, оруулж болохгүй юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьж энэ бүх нэмэлт хязгаарлалтын талаар дуулгасан байна.

Үүний хариуд Лавров хоёр орны харилцаа ийнхүү хурцдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, энэ сөргөлдөөнийг бид эхлүүлээгүй, Москва хариу арга хэмжээг тун удахгүй зарлана гэжээ. 2016 оны 12-р сарын 29-ний өдөр өмнөх Ерөнхийлөгч Барак Обама ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдэг шалтгаар Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ тогтоож, төрийн департамент Оросын элчин сайдын яамны 35 ажилтанг "перзон нон грат" хэмээн зарлаж, эх орноосоо хөөсөн.

Мөн Мэриленд болон Нью-Йорк дахь Оросын элчин сайдын яамны зусланг хураасан. Эндээс л хоёр орны хооронд дипломат сөргөлдөөн эхэлсэн. ОХУ өнгөрсөн долоодугаар сарын 28-нд Орос улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог есдүгээр  сарын 1 гэхэд 455 хүртэл цөөлөх шаардлага тавьсан.

Оросууд үүнийгээ АНУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Оросын дипломатчдын тоотой тэнцүүлж байгаа гэдгээр тайлбарласан. Мөн АНУ-ын дипломатчдад элчин сайдын яамны зусланг хэрэглэж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Москва хотод АНУ-ын элчин сайдын яам байдаг бол Санкт-Петербург, Екатерингбург, Владивосток хотод консулын газар байдаг. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Сан-Франциско дахь Оросын консулын газрыг хаахыг шаардлаа  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй