ОХУ-ын “Ховерсюрф” компани “Скорпион-3” нэртэй шинэ загварын нисдэг төхөөрөмж буюу нэг хүний суудалтай нисдэг мотоцикл бүтээж, олон нийтэд танилцууллаа. Энэ нь тус компанийн хамгийн сүүлд бүтээсэн загвар гэдгээрээ онцлогтой юм. Энэ оны хоёрдугаар сард "Ховербайк скорпион" загвараа танилцуулаад байсан бол саяхан Москвагийн уралдааны зам дээр олон мянган үзэгчийн өмнө эхний туршилтаа амжилттай хийжээ.
Энэ талаар “Тасс” агентлагт мэдээлснээр шинэ загварын нисдэг төхөөрөмж уралдааны зам дээр хийсэн туршилтынхаа үеэр газраас ойролцоогоор нэг метр өндөрт хөөрч, агаарт нэг км гаруй замыг туулсан талаар онцоллоо. Туршилтын үзүүлбэрийг Москвад зохиогдсон олон улсын мотоциклийн уралдааны нээлтийн үеэр хүрэлцэн очсон үзэгчдэд танилцуулжээ.

Өмнө нь хүмүүс мотоцикл нисэж байгааг өөрийн нүдээр нэг ч удаа харж байгаагүй болохоор ихэд гайхсан төдийгүй анхны туршилт амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэснийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд онцолсон байна.
Нисэх зарчмын хувьд нисэгчгүй нисдэг төхөөрөмж буюу дроноос санаа авч бүтээсэн тус төхөөрөмж дөрвөн ширхэг хүчирхэг цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар дээш хөөргөх зориулалттай дөрвөн сэнсээр тоноглогджээ. Мөн гар удирдлага болон алсын зайны удирдлага гэсэн хоёр төрлийн жолоодлоготой юм байна.
Ойролцоогоор 150 орчим кг жинтэй бол эрчим хүч хуримтлуулагч баттерей нь 50 кг жинтэй. Эхний туршилтаар газраас дээш 5 метр өндөрт гарсан бол дээд хурд нь 70 км цаг хүртэл хурдлах боломжтой ажээ. Харин нэг удаагийн бүрэн цэнэглэлтээрээ агаарт 4 цаг орчим нисэх чадвартай юм байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зах зээлд худалдаалагдах үнэ нь 50-80 мянган америк доллар байх аж.
| “Скорпион-3” нэртэй нисдэг мотоцикл танилцуулав | ||
| Үзсэн: 3364 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.