Шууд Chart

АНУ 800 мянган хууль бус цагаачийг албадан гаргаж магадгүй

2017-09-07 11:35:48

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хууль бусаар ажиллаж амьдарч байгаа залуу цагаач иргэдийг хамгаалах зорилготой хөтөлбөрийг цуцлах шийдвэрт хүрсэн байна. Тодруулбал, АНУ-ын ерөнхий прокурор Жефф Сешшион 2012 онд өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн хэрэгжүүлж эхэлсэн уг хөтөлбөрийг зогсоож байгааг өнгөрсөн Мягмар гарагт мэдэгдлээ. Хууль бус цагаач хүүхдүүдийг албадан гаргах хугацааг сунгах хөтөлбөр буюу ДАКА хөтөлбөр нь үндсэн хуульд харш гэж Трампын захиргаа үзээд, цуцлахаар шийдсэн юм байна. Энэ хөтөлбөр нь хүүхэд ахуйдаа эцэг эхийнхээ хамт АНУ-д хууль бусаар цагаачилсан ахлах сургуулийн сурагч болон их сургуулиа дөнгөж төгссөн залуучуудыг АНУ-д 5 жилийн хугацаанд ажиллаж, амьдрах зөвшөөрч байсан юм.

Одоо АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг шинээр бүртгэхгүй, гэхдээ Цагаан ордон энэ хөтөлбөрт хамрагдсан иргэдийн асуудлыг яаж цэгцлэх вэ гэдэг дээр шийдвэр гаргахад Конгресст 6 сарын хугацаа өгч байгаа юм байна. Хэрвээ АНУ-ын конгресс хөтөлбөрт хамрагдсан иргэдийг үлдээх шийдэлд хүрэхгүй бол одоо Америкт ажиллаж амьдарч байгаа 800мянган хүнийг 2018 оны 3 дугаар сарын 5-наас эхлэн албадан гаргах асуудал үүсэх нь. Гэхдээ албадан гаргах асуудал хугацааны хувьд дотроо ялгаатай байна. Хэрвээ конгресс ерөнхийлөгчийн шийдвэрийг буцаахгүй бол ДАКА хөтөлбөр үндсэндээ зогсож, 300мянган хүн 2018 онд цагаачлах статусгүй болж нутаг буцах болно.

Мөн 320гаруй мянган хүн 2019 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд нутаг буцах нь. Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын бодлогыг чангатгана гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлэх үүднээс энэ хөтөлбөрийг цуцлахаар шийдсэн болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Гэхдээ тэрээр асуудлыг аль болох сонголттой үлдээх үүднээс Конгресст хугацаа өгч, олон нийтийн шүүмжлэлийг багасгахыг чармайж байна ч гэж харж байна. Трампын энэ шийдвэр цагаач залуу иргэд Америкийн эдийн засгийг дэмждэг гэж үздэг Америкийн бизнесийн салбарынхан болоод Ардчилсан намын хууль тогтоогчдоос хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.

Одоогоор Нью Йорк мужийн захиргаа залуу цагаачдыг дэмжих хөтөлбөрийг зогсоохгүй, үргэлжлүүлэх асуудлаар шүүхэд хандахаар зэхэж байгаа аж. Хууль бус цагаач хүүхдүүдийг албадан гаргах хугацааг сунгах хөтөлбөр буюу ДАК нь 2012 оны 6 дугаар сард АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обамагийн эхлүүлсэн Америкийн цагаачлалын бодлого юм. Энэ хөтөлбөрийг эхлүүлснээс хойших 5 жилийн хугацаанд 800 мянган залуучууд өсвөр насныхан гэр бүлтэйгээ үлдэж, тус улсын ахлах болон их сургууль, коллежуудад суралцан, ажиллаж амьдарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 800 мянган хууль бус цагаачийг албадан гаргаж магадгүй  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй