АНУ Умард Солонгост хатуу хориг тавих тухай тогтоолын төслөө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд танилцуулж, Орос, Хятадтай хаалттай хэлэлцээ хийж байна. Америк өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад уг тогтоолын төслийг танилцуулсан. Уг тогтоолын төсөлд газрын тосны хориг тогтоох мөн Умард Солонгосыг цөмийн 6 дахь туршилт хийснийх нь хариуд нэмэлт хатуу хориг тавих тухай тусгасан байна. Америкийн хувьд өнөөдөр Аюулгүйн зөвлөлөөр уг тогтоолын төсөл нь батлагдана гэсэн найдвар тавьж байна. Гэвч ОХУ болон БНХАУ Умард Солонгост хатуу хариг тавихын эсрэг байр суурь илэрхийлж байгаа юм.
Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны санаачлан боловсруулсан аливаа тогтоолын төсөл уг асуудалд хамааралтай орнуудтай зөвлөлдөх, хянан засварлах дамжлагаар заавал ордог журамтай. Тухайн тогтоолын төсөл “хөх” гэсэн ангилалд багтаж байгаа бол уг төслийг 24 цагийн дотор хэлэлцэн санал хураах боломжтой байдаг юм байна. Гэвч НҮБ дахь Этиоп улсын төлөөлөгчийн газрын мэдээлснээр Умард Солонгосын эсрэг ямар ч хөх ангиллын тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөл хүлээж аваагүй, иймд уг тогтоолын төслөөр санал хураах тов зарлагдаагүй гэж мэдэгдлээ.
НҮБ дахь дипломат эх сурвалжууд АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг өнөөдөр Аюулгүйн зөвлөлөөр санал хураах эсэх нь Хятад улсаас хамаарна гэж харж байгаа юм. Хятад нь Умард Солонгостой хиллэдэг, тус улсын худалдааны хамгийн гол түнш орон юм. Пхеньян өчигдөр төв телевизээрээ дамжуулж мэдэгдэл гаргасан аж. Мөн Умард Солонгос өчигдөр улс тунхагласны ойгоо тэмдэглэх үеэр цөмийн хөтөлбөр нь нэлээн ахицтай байгаа гэдгээ мэдэгдлээ.
| АНУ БНАСАУ-д хатуу хориг тавих сонирхолтой байна | ||
| Үзсэн: 969 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.