Ази тивд шашин хоорондын мөргөлдөөн өнөөдөр олон улсын анхаарлын төвд байна. Мьянмар улсын баруун хилд тус улсын үндэсний цөөнх Рохинжа иргэд аюулгүйн хүчнийхэнтэйгээ мөргөлдөөн үүсгэж, шашин хоорондын зөрчил сүүлийн хэд хоногт дээд цэгтээ хүрсэн. Тэгвэл өнөөдөр тэд аюулгүйн хүчнийхэнтэйгээ нэг сарын хугацаатай түр эвлэрэхээр тохирсон гэдгээ мэдэгдлээ.
Мөн Рохинжа нар Мьянмарын засгийн газраас хариу мэдэгдэл хийхийг хүссэн байна. Одоогоор Мьянмарын засгийн газар 1 сарын хугацаанд түр эвлэрэх саналыг хүлээж авах эсэхээ мэдэгдээгүй байна. Өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр эхэлсэн шашин хоорондын зөрчил Рохинжа үндэсний цөөнх болох 290 мянган иргэн хөрш Бангладеш улс руу дүрвэн гарахад хүртлээ хурцадсаныг НҮБ-аас удаа дараа анхааруулсан.
Мьянмар Бангладешийн хилд аюулгүй байдлын орчин хурцадсан нь эдгээр орнууд дахь НҮБ-ын харьяа байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ удаагийн шашны мөргөлдөөн Мьянмарын засгийн газрын аюулгүйн хүчнийхэн Рохинжа цөөнх иргэдийг шашнаар ялгаварлан гадуурхах, хавчин дээрэлхэх хандлага гаргаснаас болж үүссэн. Ер нь ч Британийн колонийн үеэс буюу Британи Ракхайн мужийг эзлэх үеэс Бенгалийн булангаас Исламын шашинтай Рохинжа иргэдийг ажиллах хүч болгож авч ирсэн юм байна.
Мьянмар улс буддын шашинтай улс, тус улсын хүн амынх 89 хувь нь буддын шашин шүтдэг. Харин хүн амын дөнгөж 4 хувь нь Исламын шашинтай. Мьянмарын баруун өмнөд бүсийн Ракхайн мужид Рохинжа үндэсний цөөнх 1,3 сая хүн амьдардаг. Эдгээр Рохинжа нар Ракхайн мужийн уугуул иргэд гэж өөрсдийгөө үздэг, гэтэл Мьянмарын буддын шашинтнууд тэднийг уугуул бус, ажиллах хүч нэрээр дүрвэж ирсэн дүрвэгсэд, өөр шашинтай гэх мэтээр хавчин гадуурхдагаас болоод Мьянмарт шашин хоорондын энэ зөрчил үүсжээ.
Үүний цаана дахиад 1,5 сая Рохинжа үндэсний цөөнх иргэд Бангладеш, Пакистан, Тайланд, Малайз, Энэтхэг, АНУ, Индонези, Непал гээд дэлхийн олон оронд тархан суурьшдаг юм байна. Үүнээс өмнө 2012-2014 онд Мьянмарын Ракхайн мужид шашин хоорондын цус урсгасан хэд хэдэн мөргөлдөөн үүсч байжээ.



| Рохинжа нар түр эвлэрэх санал тавив | ||
| Үзсэн: 1210 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.