Шууд Chart

ОХУ, Беларусын цэргийн хамтарсан сургуулилт эхэлжээ

2017-09-15 14:34:53

ОХУ болон Беларусын стратегийн хамтарсан сургуулилт өчигдөр Беларусын нутагт эхэллээ гэж Оросын ТАСС уламжилж байна. Запад-2017 буюу Өрнөд-2017 нэртэй цэргийн хамтарсан сургуулилтанд хоёр талаас нийт 12,700 гаруй цэрэг, байлдааны 70 онгоц, нисдэг тэрэг, мөн цэргийн техникийн 680 гаруй нэгж тэр дунд 250 танк оролцож байгаа юм байна.  

Москва, Минск хоёрын аль аль нь цэргийн хамтарсан сургуулилт нь аль нэг улс орныг, гуравдахь хүчний эсрэг чиглээгүй, цэвэр батлан хамгаалах зорилготой гэж нотолж байгаа ч НАТО энэхүү цэргийн хамтарсан сургуулиалтаас болгоомжилж байгаа тухай Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Сургуулилтын зорилго нь цэргийн бие бүрэлдэхүүний дунд хамтран ажиллах чадварыг сайжруулах, цэргийн менежментийн системийг уялдуулах, цэргийн алба хаагчдад армийн төлөвлөгөөт үйл ажиллагаанд оролцох ур чадвараа ахиулах боломжийг олгох, зэвсэгт мөргөлдөөний үеэр олж авсан туршлагад нь үндэслэн цэргүүдийг дотор нь зохиуцуулалт хувиарлалт хийхэд чиглэсэн гэж Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

НАТО-гийн зарим гишүүн орон ялангуяа Балтийн тэнгисийн орнууд болон Польш улс Москвагийн Беларустай хийж байгаа цэргийн сургуулилтыг ил тод бус байна гэж шүүмжилж, бодит зорилгыг мэдэхийг нэлээн чармайж, сургуулилтанд оролцож байгаа цэргийн тоо албан ёсны тооноосоо давуу байна гэдэг асуудлыг ярьж байна. Цэргийн шинжээчид Орос, Беларусын хамтарсан сургуулилтыг Хүйтэн дайнаас хойш энэ хоёр улсын хамтарсан хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон цэрэг техник оролцсон сургуулилт гэж үзэж байна.

ОХУ болон Беларусын засгийн газар энэ сарын 20 хүртэл үргэлжлэх хамтарсан сургуулилтанд нь Оросын талаас 5500 цэрэг, Беларусын талаас 7200 гаруй цэрэг оролцоно гэсэн албан ёсны мэдээг өгсөн. Эстонийн батлан хамгаалахын сайд энэ хамтарсан сургуулилт Орос, НАТО-гийн хооронд зөрчил үүсгэх хэмжээний аюулгүй учруулахгүй байх, гэхдээ сонор сэрэмжээ алдахгүй байх нь зүйтэй. Ер нь Орос сургуулилтын зорилгыг нууцалж байгаа учраас НАТО болгоомжлох үндэслэл бий болж бйагаа гэдэг байр суурь илэрхийлжээ. 2014 онд ОХУ Крымын хойгийг өөртөө нэгтгэж авснаас хойш Москва Өрнөдийн хооронд таагүй уур амьсгал бий болсон.

Балтийн тэнгисийн орнуудаас болгоомжлох хандлага ажиглагдсаны хариуд НАТО Литва, Латви, Эстони, Польшд байлдааны анги нэгтгэлийг илгээх замаар зүүн хил дэх цэргийн хүчин чадлаа зузаатгаж эхэлсэн. Одоогоор Балтийн тэнгисийн эдгээр орнуудад НАТО-гийн даалгаварын хүрээнд Герман, Америк, Канад, Британийн олон мянган цэрэг байрлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Беларусын цэргийн хамтарсан сургуулилт эхэлжээ  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.41.xxx] 2017-09-15 16:18
Heleed baihad nuugaad bn geh yum kkk

Бидэнтэй нэгдээрэй