Нью-Йорк хотноо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан НҮБ-ыг шинэчлэх асуудлаарх дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли, АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Герберт Макмастер нар өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийж, Цагаан ордны тэргүүн НҮБ-ын үйл ажиллагаанд яг юуг нь өөрчилж шинэчлэх гээд байгаа талаар мэдээлсэн.
Герберт Макмастер, ерөнхийлөгч Трамп энэ уулзалтаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн зүгээс шинэчлэлийн асуудлаар гарган тавьж байгаа хүч чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлнэ хэмээн мэдэгдсэн байна.
Никки Хейлигийн хэлж байгаагаар, Трампын засаг захиргаанаас дэвшүүлж байгаа шинэчлэлийг 120-иод улс орон дэмжсэн бөгөөд энэ нь том үзүүлэлт. Одоо эдгээр 120 орон өнөөдрийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм.
Никки Хейли дээд хэмжээний уулзалтаар нэлээд түлхүү хэлэлцэх хоёр сэдвийг тодорхойлсон бөгөөд нэг нь НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийг өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлага, дараагийнх нь энхийг сахиулах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх явдал аж. Ер нь бол Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноосоо хойш НҮБ-ыг үр дүнгүй ажиллаж байна, хэт их хөрөнгө мөнгө зарж байна гэж байнга шүүмжилж ирсэн.
Тэрбээр өнгөрсөн 4 дүгээр сард Цагаан ордонд Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа, “НҮБ үнэндээ асуудлыг шийдэхгүй байна, мөргөлдөөнийг зохицуулахын тулд НҮБ-ын гишүүд бүгд цуглаж, ярилцдаг байх ёстой” гэж мэдэгдсэн. Тэгээд ч НҮБ-ын том донор болох Вашингтон сүүлийн саруудад НҮБ-ын хөтөлбөрийн санхүүжилтийг эрс танасан. АНУ НҮБ-ын төсөв болох 5,4 тэрбум долларын 22 хувийг, энхийг сахиулах үйл ажиллагааны төсөв болох 7,9 тэрбум долларын 28,5%-ийг бүрдүүлдэг. Үндсэндээ Вашингтон жил бүр НҮБ-ын үйл ажиллагаанд 10 орчим тэрбум доллар зарцуулдаг. Трампын үзэж байгаагаар, энэ бол маш шударга бус хуваарилалт юм байна. Тэгвэл НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррикийн хэлж байгаагаар, АНУ санхүүжилтээ танах тохиолдолд НҮБ энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх юм.
| НҮБ-ыг шинэчлэх асуудал хэлэлцэх дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна | ||
| Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.