Шууд Chart

МАГАТЭ-ийн ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулган эхэллээ

2017-09-19 09:56:16

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг-МАГАТЭ-ийн ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулган Австрийн нийслэл Вена хотноо ажлаа эхэллээ. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тус чуулганаар 168 орны төлөөлөгчид бүтэн 5 хоногийн турш цөмийн эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөв, цөмийн аюулгүй байдал, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй уялдуулан агентлагаас гаргах баталгаа гэсэн асуудал хэлэлцэж эцэст нь агентлагийн ерөнхий захирал Юкиа Амано-г албан тушаалд нь дахин 4 жилийн хугацаагаар улираан сонгоно.

Ер нь бол ерөнхий бага хурал стратегийн асуудал хэлэлцэх, эрдэм шинжилгээний мэтгэлцээн явуулах гол талбар болж өгдөг. МАГАТЭ энэ удаа 2016 онд хийсэн ажлаа тайлагнаж, хэтийн төлөвөө тодорхойлж, төсөв санхүүгээ хэлэлцэж батална.

Мөн энэ жил уламжлал ёсоор бага хурлын хүрээнд зохиогддог шинжлэх ухааны форумаар цөмийн технологийг эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хэрхэн ашиглах ялангуяа урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээнд хэрхэн ашиглах асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн оролцогчид Иран болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хөндөнө. Тэгээд ч сая Пхеньян цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Умард Солонгосын асуудал анхаарал хандуулах гол сэдвийн нэг байгаад зогсохгүй Умард Солонгосын саяны туршилт бол үндсэндээ 2006 оноос хойш хийсэн хамгийн том хэмжээний туршилт болсон гэдэгтэй МАГАТЭ-ийн гишүүд санал нэг байна.

Ирантай холбоотой асуудалд МАГАТЭ Иран улс өөрт хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, бага боловсруулсан ураны нөөц болон хүнд усны нөөцөө хэтрүүлэхгүй байна гэдгийг байнга хэлж ирсэн. МАГАТЭ бол цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны гол талбар болдог, агентлагийг цөмийн үйл ажиллагаанд хяналт тавих, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх гэдгээр 1957 онд НҮБ-ын дэргэд бие даасан байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МАГАТЭ-ийн ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулган эхэллээ  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй