Бангладешийн эрх баригчид өнгөрсөн 8 дугаар сард Мьянмарын хил даван орж ирсэн рохинжа үндэстэн 400 мянган дүрвэгчийн шилжилт хөдөлгөөнд хатуу хязгаар тогтоож байгаагаа зарлалаа. Үүнээс цааш рохинжа дүрвэгчид тэдэнд зориулан тусгайлан байгуулсан газруудад л байрлах юм байна. Өөр газар руу дур мэдэн шилжих, хөдөлгөөн хийхийг тэдэнд хоригложээ. Мөн эрх баригчид Кокс-базар хот орчим 400 мянган хүний майхан хуаран барихаар төлөвлөснөө мэдэгдлээ.
Лалын шашинтай рохинжа үндэстнүүд мөрдлөг мөшгөлтөөс эмээж хөрш зэргэлдээх Мьянмар улсаас зугтаж ирсэн. НҮБ үүнийг үндэсний цөөнхийн цэвэрлэгээ гэж үзэж байгаа бол хүний эрхийн төлөө тэмцэгчид Мьянмарын армийг рохинжа үндэстнийг устгаж үгүй хийх цэргийн ажиллагаа явуулж байгаад буруутгаж байгаа юм. Харин Мьянмарын цэргийнхэн хэт даврагчдын халдлагын хариуд цэргийн ажиллагаа явуулж байгаа, энгийн ард иргэдийг огт хэлмэгдүүлээгүй хэмээн мэдэгдэж байна.
Мөн сүүлийн үед Бангладеш болон Мьянмарын хооронд Мьянмарын нисэх хүчин Бангладешийн агаарын хилийг байнга зөрчиж байна гэдгээс үүдэж дипломат сөргөлдөөн гараад байгаа юм байна. Бангладеш улс рохинжа дүрвэгчдэд зориулсан майхан хуаран барих ажлыг 10 хоногт багтаан хийхээр төлөвлөөд байгаа аж.
| Бангладеш улс Мьянмараас ирсэн дүрвэгчдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа | ||
| Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.