Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн Нью Иорк хотын төвд гол анхаарлаа хандуулцгааж байна. Хэдхэн хормын дараа энд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 р чуулганы нэгдсэн санал шүүмжлэл эхлэх гэж байна. энэ жилийнхэд 130 орны төр засгийн тэргүүн, 100 аад орны гадаад хэргийн сайд нар оролцохоор Нью Иоркт хүрэлцэн ирсэн байна. Ирэх 5 өдрийн туршид мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нийгэм эдийн засгийн хөгжил болон орчин цагт дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байгаа бусад асуудлыг хэлэлцэх юм.
Нэгдсэн санал шүүмжлэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш 72 р чуулганы тэргүүн Мирослав Лайчак нар үг хэлснээр эхлэх юм. Олон жилийн уламжлалын дагуу Бразилын Ерөнхийлөгч Мишел Темер хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудаас удирдагчдаас хамгийн түрүүнд үг хэлэх юм. 1947 онд Ерөнхий ассамблейн 1,2 р тусгай чуулганыг Бразилын гадаад хэргийн сайд Освальдо Аранья удирдаж байсантай нь энэ нь холбоотой юм.
Харин Бразилын Ерөнхийлөгчийн дараагаас АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп чуулганы индэр дээрээс үгээ хэлэх ёстой. Америкийн Ерөнхийлөгчийн дэлхийн индэр гэгддэг нэгдсэн санал шүүмжлэл дээр хэлэх үг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээхэн татдаг. ЭНэ жилийн хувьд Трамп Ерөнхийлөгч анх удаагаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож үг хэлэх учир хэвлэлүүд онцгой анхаарал хандуулж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн ням гаригт мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Трамп НҮБ-ын индэр дээр хэлэх үгэндээ Умард Солонгос, Иранийг тойрсон асуудал, олон улсын терроризм, ардчилсан үнэт зүйлсийг хамгаалах тухай хөндөж ярихаар байна.
Мөн Ерөнхийлөгч Трамп НҮБ-д ямар шинэтгэл хийх шаардлагатай гэж үзэж буйгаа танилцуулах юм байна. Нэгдсэн санал шүүмжлэлийн эхний өдөр Армени, Афганистан, Турк Францын гээд 37 орны төр засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд үг хэлнэ. Харин олон улсын анхаарлын төвд байгаа Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ли Ён Хо ирэх баасан гаригт үг хэлэх хувиарьтай байгаа юм байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 р чуулган болж байгаа Нью Иоркт ОХУ, Хятад, Венесуэл болон Герман, Энэтхэгийн төр засгийн тэргүүн нар хүрэлцэн ирээгүйг сэтгүүлчид бас энэ дашрамд тэмдэглэж байна. Чуулганы хүрээнд НҮБ-ын төв байранд салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд 2 талын олон уулзалтууд уламжлал ёсоор болно. Маргааш л гэхэд энхийг сахиулах ажиллагаанд шинэтгэл хийх асуудлаархи сайд нарын түвшний хэлэлцүүлгийг НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс зохион байгуулах гэж байна.
Мөн АНУ-ын санаачлагаар цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг болно. Түүнчлэн маргааш цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол эхэлнэ. НҮБ-ээс мэдээлж байгаагаар дэлхийн 40 орон түүний дотор Бразили, Өмнөд Солонгосын төр засгийн тэргүүн нар энэ баримт бичигт гарын үсэг зурж нэгдэх юм байна. Пүрэв гаригт Сирийн хямралыг хөндөх сайд нарын түвшний уулзалт бас энд болно. Ийнхүү жил бүрийн 9 р сард Дэлхийн удирдагчид Нью Иоркт ийнхүү чуулдаг учир тус хотод аюулгүй байдлыг өндөржүүлэн хангах арга хэмжээ авдаг.
Энэ жил ч Манхэттен дүүргийг цагдаагийнхан харуул хамгаалалтандаа аваад байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн 1-р өргөн чөлөөний зарим замын төдийгүй явган зорчигчдын хөдөлгөөнийг хааж байна.
| НҮБ-ын ерөнхий ассамблейн 72-р чуулганы нэгдсэн санал шүүмжлэл эхэлж байна | ||
| Үзсэн: 1706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.