Шууд Chart

Иран, Турк бүс нутгийн заналхийлэлтэй тэмцэхийн тулд ойртож байна

2017-10-06 10:36:51

Курдуудын тусгаар тогтнолын төлөөх санал асуулга Туркийн Ерөнхийлөгчийн Иран улсад хийж байгаа айлчлалын хэлэлцэх гол асуудал болж байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай өчигдөр хэлэлцээ хийж, Иракийн Курдуудыг тусгаар тогтнуулахгүйн тулд Курдистан мужийн эрх баригчдад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхээр тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, Курдистантай улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаагаа таслаж, тэдний эсрэг Иракийн төв Засгийн газартай хамтран ажиллахаар Турк, Иран тохирч байна. Турк улс Курдуудын явуулсан тусгаар тогтнохын төлөөх бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж үзэж, Курдуудын амин судас болсон газрын тосны хоолойг хаана гэдгээ анхааруулаад байна. Ираны хувьд ч Иракийн талаас ямар нэгэн байдлаар хилийн зурвасыг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байна. Иран, Туркийн хувьд Курдууд хүн амынх нь багагүй хувийг эзэлдэг учраас Курдуудын санал асуулга өөрсдийнх нь Курдууд тусгаар тогтнол эрэлхийлэхэд нөлөөлнө гэж болгоомжилж байна.

Иран, Турк хоёр Ойрхи Дорнодын бүс нутагтаа өрсөлдөгч орнууд боловч Сирийн хямрал болон Ойрхи Дорнодын бусад асуудлыг зохицуулахад ойр хамтарч ажиллаж байгаа юм. Эрдоган, Роухани нарын өчигдрийн тохиролцоо энэ хоёр улс өөрсдийнх нь өмнө тулгарч буй бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа аюул заналын эсрэг гар барилцахаас аргагүй болсныг гэрчилж байна гэж улс төрийн шинжээчид таамаг дүгнэлт гаргаж байна. Түүнчлэн энэ холбоотны ард тэс өөр хоёр ашиг сонирхол яваа. Иран улс хилд нь Израиль бат бөх байр суурь олж авах вий гэж болгоомжилж байхад, Турк улс Курдууд олноороо аж төрдөг газар нутагт тайван бус нөхцөл байдал үүсэх вий гэсэн айдастай байна. Гэхдээ Турк бол эдийн засгийн болон үндэсний ашиг сонирхол нь аюулд ормогц прагматик бодлого барихаа харуулж байна.

Анкара хэдийгээр Курдистаны эсрэг улс төрийн шахалт үзүүлж байгаа ч гэсэн Курдуудтай эдийн засгийн харилцаагаа хадгалах болов уу. Нөгөө талаар Ираны АНУ-тай харилцах харилцаа, Израилийн эсрэг байр суурь нь Тегераныг хилийнхээ ойролцоо бас нэг улс бий болохыг стратегийн хувьд зөвшөөрөхгүй. Иран Турк улсад болсон төрийн эргэлт хийх оролдлогын эсрэг Анкараг дэмжсэн, Анкара ч мөн 2009-2013 оны хооронд Тегераны эсрэг тогтоосон өрнөдийн хориг арга хэмжээг төдийлөн дэмжээгүй.

Түүнчлэн Тегеран, Москва, Анкарагийн Сирийн хямралыг зохицуулах зорилготой хамтын ажиллагаа нэлээн ахицтай байгаа, дээрээс нь Иран, Туркийн Иракийг дэмжих нэгдсэн арга хэмжээ зэрэг нь бүс нутгийн болон олон улсын түвшинд хөрш хоёр орныг харилцааг сайжруулахад түлхэц өгч байна.

Хэдийгээр бүс нутагтаа гео улс төрийн нөлөөгөө тогтоохын төлөө өрсөлддөг боловч Иран, Туркийн аль аль нь улс төр, эдийн засгийн асуудал дээр нэг их зөрчилдөөд байдаггүй. Тегеран, Анкара, Иракийн хооронд саяханаас таарамжтай байдал бий болсон нь бүс нутагт дахин нэг гурвын холбоо үүсгэж, аюулгүй байдлын нийтлэг заналхийлэлтэй тэмцэх шалтгаан болж байна гэж улс төр судлаачид тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран, Турк бүс нутгийн заналхийлэлтэй тэмцэхийн тулд ойртож байна   
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй